БИШКЕК, 2026 оны есдүгээр сарын 2 /ТАСС/. Монгол бөхийн төрөлд өрсөлдсөн Тувагийн сумоч Куулар Монге-Эртине Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Оросын нэгдсэн багт анхны медалийг авчирлаа.
Тэрбээр уг төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Оросын сумогийн холбооны ерөнхийлөгч Роман Илиев энэхүү амжилтыг үнэлэн хэлэхдээ “манай дотоодын бөхийн сургууль нь олон талт шинж чанартай” гэлээ.
“Энэ амжилт бол манай сумочид бөхийн бүх төрөлд өрсөлдөх чадвартай гэдгийг дахин харуулсан хэрэг юм. Оросын сумогийн шигшээ багийн тамирчид маань энд гол өрсөлдөгчид буюу ялах магадлал хамгийн өндөртэй тамирчдын тоонд орж байна. Жишээ нь, наадмын нээлтийн ёслолын үеэр манай багийн тугийг барьж явсан аугаа бөх Айдын Монгуш дэлхийн хамгийн хүчтэй бөх гэдэг нэр алдраа хамгаалахад бэлэн байна” хэмээн Р.Илиев ярилаа.
Киргизэд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд дэлхийн 113 улсын 3 мянга гаруй тамирчид оролцож, спортын 43 төрөлд өрсөлдөж байна.
Наймдугаар сарын 31-нд болсон наадмын нээлтийн ёслолд Оросын нэгдсэн багийн 236 тамирчин оролцсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин индрээс тэдэнтэй мэндчиллээ.