Байгалийн хийн дэлхийн эрэлт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Дэлхийн байгалийн хийн эрэлт 2025 онд өмнөх оноос 1.7 хувиар өсөж, 4.202 их наяд шоо метр хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ тухай Олон улсын хийн холбоо /IGU/ болон Snam компанийн хамтран бэлтгэсэн “Дэлхийн хийн тайлан-2026”-д дурдсан байна.

Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд зөвхөн байгалийн хийн эрэлт төдийгүй нийлүүлэлт болон шингэрүүлсэн байгалийн хийн /LNG/ худалдаа мөн түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Хийн нийлүүлэлт 2025 онд 52 тэрбум шоо метрээр нэмэгдэж, 4.147 их наяд шоо метр болсон байна.

Дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт нийтдээ 69 тэрбум шоо метрээр өсжээ. Үүнээс Ази тивд 25 тэрбум, Ойрх Дорнодод 18 тэрбум, Европт 10 тэрбум шоо метрээр тус тус нэмэгдсэн байна. Харин далайн орнуудын бүс нутагт эрэлт буурчээ.

Европын хийн хэрэглээ 2.3 хувиар өссөн нь оны эхээр цаг агаар хүйтэрсэн, мөн өвлийн улиралд салхины эрчим хүчний үйлдвэрлэл буурсантай холбоотой гэж тайланд дурдсан байна.

Үүний зэрэгцээ дэлхийн LNG-ийн худалдаа 2025 онд 43 тэрбум шоо метрээр өсөж, 580 тэрбум шоо метр хүрсэн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Хятадын LNG импорт өмнөх оноос 10 тэрбум шоо метрээр буурсан ч тус улс дэлхийн хамгийн том импортлогч хэвээр байна. Харин Европын импорт 32 тэрбум шоо метрээр нэмэгджээ. Энэ нь Европын эрчим хүчний зах зээлд гарч буй бүтцийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд Европын орнууд Оросоос хоолойгоор нийлүүлдэг байгалийн хийн хамаарлаа бууруулахыг зорьж байгааг харуулж байна.

Тайланд мөн 2026 онд дэлхийн байгалийн хийн эрэлт 7 тэрбум шоо метрээр буурах төлөвтэй байгааг дурджээ. Үүнд голлон Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдал нөлөөлж болзошгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн