Канадын цэрэг армийнхныг гутаасан гэж Пит Хегсэтийг буруутгав

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт Канадын цэргийн сургуулийн хөтөлбөрийг шоолсон агуулгатай цахим нийтлэлийнхээ төлөө шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, тэрбээр багшаасаа зааварчилгаа авч буй цэргийн сургуулийн сурагчийн зургийг цахим сүлжээндээ нийтлээд, Канадын далбааны эможи болон “Бодит байдал ийм л байна” гэсэн утгатай тайлбар хавсаргажээ.

Энэ нь Канадын цэрэг армийнхныг гутаан доромжлох гэсэн оролдлого гэж үзэж байна. Канадын Батлан хамгаалахын сайд Дэвид МакГинти “Хегсетийн нийтлэл түүний албан тушаалын нэр хүндэд нийцэхээргүй байлаа” гэжээ. Харин ерөнхий сайд Марк Карнигаас юу бодож байгааг нь асуухад “Америкчууд меме зураг, ёжилсон мэдэгдлээ больж, хатуу ширүүн царайлахын оронд яриа хэлэлцээнд үнэхээр нухацтай хандаж эхэлсэн цагт л худалдааны хэлэлцээ эхлэх болно” гэсэн байна.

Пентагон Пит Хегсэтийн нийтлэлийг түүний хувийн л өнцөг гэж мэдэгджээ.

Канадын цэргийн сургуулийн хөтөлбөрийг цэргийнхэн хянадаг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 12-18 насны хүүхдүүдэд манлайлал, ур чадварын сургалт ордог. Тус хөтөлбөрийг дэмжиж ажилладаг Канадын армийн кадет лиг албан мэдэгдэлдээ “Цэргийн сургуулийнхны амжилтыг цахим орчинд доромжлох, тохуурхахыг эрс буруушааж байна” гэжээ.

Мөн Канадын консерватив улстөрч Скотт Андерсон Пит Хегсэтийг албан тушаалыг нь дагалдаж буй хариуцлага, ёс зүйн зарчмыг биелүүлээгүй гэж буруутгав. Тэрбээр “Канадууд болон америкчууд хоорондоо асуудалгүй байж болно. Харин чамтай бол ярих юм бий” гэжээ.

Дашрамд дурдахад, АНУ, Канад хоёр худалдааны маргаантай байгаа бөгөөд үе үе харилцан ширүүн мэдэгдлүүд хийдэг. Үүний зэрэгцээ Трампын засаг захиргаа Канадыг АНУ-ын цэргийн хүчинд найддаг гэж буруутгасаар ирсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн