Аргентины шигшээ багийн ахлагч, найман удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн Лионель Месси шигшээ багаас зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.Өдгөө 39 настай тэрбээр энэ шийдвэрээ өчигдөр/2026.08.31/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлажээ. Түүний Аргентины шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолт нь 2026 оны дэлхийн аваргын финалд Испанийн эсрэг хийсэн тоглолт болов. Тус тоглолтод Аргентин 0-1 гэсэн харьцаатай хожигдсон билээ.
Месси “Энэ бол намайг өвтгөсөн, одоо ч дотроос минь өвтгөж байгаа шийдвэр. Гэхдээ цаг нь болсон гэдгийг ойлгож байна. Би энэ өмсгөлтэй тоглохдоо үргэлж бүхнээ зориулсан. Та бүхэнд баяр баясал өгч, аргентин хүн гэдгээрээ бахархах мэдрэмж төрүүлэхийн төлөө талбай дээр бүхнээ зориулсан” хэмээн бичжээ.
20 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХ
Месси 2005 онд Аргентины шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж, улмаар 207 тоглолтод оролцон 125 гоол оруулсан байна. Ингэснээр тэрбээр Аргентины шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон тоглолтод оролцсон, хамгийн олон гоол оруулсан тоглогч хэвээр үлдэж байна.
Түүний шигшээ багийн замнал дардан байгаагүй. Месси 2014 оны ДАШТ-ий финалд Германд ялагдаж, мөн 2015, 2016 оны “Копа Америка”-гийн финалд дараалан ялагдсан билээ. Гэсэн ч тэрбээр Аргентины шигшээ багтайгаа 2021 оны “Копа Америка”-д түрүүлж, 2022 онд Катарын ДАШТ-ий цомыг өргөсөн. Мөн 2024 онд “Копа Америка”-д дахин түрүүлсэн юм.
Ялангуяа 2022 оны ДАШТ-ий түрүү нь Мессигийн олон жилийн шигшээ багийн замналын оргил амжилт болсон. Аргентин 1986 оноос хойш анх удаа дэлхийн аварга болж, Месси тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан билээ.
Месси Аргентины шигшээ багаас зодог тайлсан ч клубын замналаа үргэлжлүүлнэ. Тэрбээр одоогоор АНУ-ын “Интер Майами” клубт тоглож байна.