Исландчууд Европын холбоонд элсмээргүй байна

Исланд улс 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын дараа Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргаж байв. Гэвч Европын холбоонд үл итгэгч байр суурьтай засгийн газар 2013 онд эл хэлэлцээг зогсоож, 2015 онд элсэх үйл явцыг албан ёсоор дуусгасан.

Хэдийгээр Европын холбоонд элсээгүй ч тус улс тогтолцооны хувьд Европтой гүн гүнзгий уялдаатай бөгөөд үүнд Европын эдийн засгийн бүсийн гишүүнчлэл нь чухал үүрэгтэй. Мөн Исланд нь Шенгений бүсийн гишүүн орон юм.

Тэгвэл тус улсыг Европын холбоонд элсүүлэх тухай яриа сүүлийн үед дахин идэвхжиж, иргэдийн дунд санал асуулга явуулсан ч сонгогчид үүнийг дэмжсэнгүй. Үндэсний телевиз “RUV”-ийн мэдээлснээр, сонгогчдын 52.8 хувь нь Европын холбоонд элсэх хэлэлцээг дахин эхлүүлэх засгийн газрын санаачилгыг эсэргүүцсэн бол 47.2 хувь нь дэмжжээ. Хэрвээ сонгогчдын олонх нь “тийм” гэж хариулсан бол хоёр дахь шатны бүх нийтийн санал асуулгыг явуулах байв.

Европын холбоонд элсэх тухай асуудал дахин сөхөгдсөн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Арктикийн бүсийн талаарх түрэмгий өнгө аястай мэдэгдлүүдтэй холбоотой.

Гэвч исландчуудын хувьд загас агнуурын салбарт дотоодын хяналтаа хадгалах нь геополитикийн аюулгүй байдлаас илүү чухалд тооцогджээ. Тодруулбал, Исланд улс Европын холбоонд элсвэл загас агнуурын салбартаа тавих хяналтаа алдах, үндэсний онцлог шинжээ сулруулах эрсдэлтэй гэж болгоомжилж байгаа аж.

Загас агнуурын салбарын Исландын эдийн засагт эзлэх байр суурь сүүлийн хэдэн арван жилд буурсан ч далайн гаралтай бүтээгдэхүүн нь экспортын гол салбар хэвээр байгаа юм. Статистик мэдээлэл харвал, 2025 оны наймдугаар сараас 2026 оны долдугаар сар хүртэлх хугацаанд далайн гаралтай бүтээгдэхүүн болон үржүүлгийн загас нь тус улсын нийт экспортын бараг 47 хувийг бүрдүүлжээ. Нөгөө талаас Дэлхийн банкны мэдээллийг харвал, тус улсын загасны үйлдвэрлэл 1997 онд оргил үедээ 2.2 сая тонн байсан бол 2024 онд 1.1 сая тонн болж бараг хоёр дахин буурсан байна.

Эргэн сануулахад, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэсэн шалтгаанаар Гренландыг хяналтдаа авах санааг удаа дараалан тууштай илэрхийлсэн. Тэрбээр энэ оны эхээр болсон Давосын чуулганы үеэр Гренланд болон Исландын нэрийг хэд хэдэн удаа андуурч хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн