Азийн наадамд ямар спортууд шинээр нэмэгдсэн бэ?

Дөрвөн жилд нэг удаа болдог шар тивийн олимп гэгддэг Азийн наадам энэ жил Японы Айчи-Нагояа хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болно. 20 дахь удаагийн тивийн хамгийн том спортын наадамд нийт 43 спортын төрөл багтаж байна.

Энэ удаагийн наадмын онцлох өөрчлөлтүүдийн нэг нь холимог тулааны урлаг (MMA), падел, тэкбол зэрэг спорт шинээр нэмэгдсэн явдал юм. Үүнээс гадна вируталь таеквондо гэх шинэ төрөл бий.

MMA түүхэндээ анх удаа

Холимог тулааны урлаг буюу MMA Азийн наадмын түүхэнд анх удаа медалийн төлөөх спорт болж байна.

Олон улсын түвшинд хурдацтай хөгжиж буй MMA-г 2025 оны тавдугаар сард Азийн олимпын зөвлөл (OCA)-ийн зүгээс Айчи-Нагояа 2026 наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаасан. Тус спорт нь тулааны спортын ангилалд багтах бөгөөд эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр буюу нийт зургаан төрөлд медаль олгоно.

Монголын тамирчид ч MMA төрөлд Азийн наадамд оролцох боломжтой. 2026 оны Азийн холимог тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 14 тамирчин оролцсон бөгөөд тус тэмцээн Айчи-Нагояа 2026 наадмын сонгон шалгаруулалтын нэг хэсэг болсон юм.

Падел Азийн наадмын хөтөлбөрт нэмэгдэв

Падел нь теннис болон сквошийн элементүүдийг хослуулсан ракеттай спорт. Ихэвчлэн хосын төрөлд тоглодог бөгөөд шилэн болон торон ханатай, харьцангуй жижиг талбай ашигладгаараа теннисээс ялгаатай.

Паделийг 2026 оны гуравдугаар сард тэкболын хамт Азийн наадмын медалийн спорт болгон албан ёсоор баталсан. Ингэснээр Айчи-Нагояа 2026 нь падел Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаж буй тэмцээн болж байна.

Тэкбол мөн анх удаа

Тэкбол нь хөлбөмбөгийн ур чадварыг муруй хэлбэрийн ширээ ашиглан сорьдог спорт. Тоглогчид бөмбөгийг гар ашиглалгүйгээр биеийн янз бүрийн хэсгээр цохиж, өрсөлдөгчийн талд буулгахыг зорьдог.

Тэкболыг мөн 2026 оны Азийн наадамд анх удаа медалийн спорт болгон оруулсан. OCA-гийн мэдээлснээр падел болон тэкболыг нэмснээр Айчи-Нагоя 2026 наадмын спортын төрөл 41-ээс 43 болж нэмэгдсэн юм.

Эдгээр хоёр спортын тэмцээнийг Нагояа хотын Хигаши спортын төвд зохион байгуулахаар OCA албан ёсоор баталжээ.

Цахим спорт анхных биш

Харин цахим спорт (Esports) Айчи-Нагояа 2026-д дахин багтаж байгаа ч Азийн наадамд анх удаа орж буй спорт биш юм.

Цахим спорт Ханжоу 2022 Азийн наадамд анх удаа медалийн спортын статустайгаар багтсан бөгөөд энэ удаагийн наадамд мөн үргэлжилж байна. Айчи-Нагояа 2026-ийн албан ёсны спортын жагсаалтад Esports багтсан байна.

Мөн крикет энэ удаагийн наадамд багтаж байгаа ч өмнө нь Азийн наадмын хөтөлбөрт орж байсан тул шинэ спортод тооцогдохгүй аж. Энэ удаа T20 форматаар явагдана.

Ийнхүү Айчи-Нагоя 2026 Азийн наадамд:

  • MMA – Азийн наадамд анх удаа
  • Падел – Азийн наадамд анх удаа
  • Тэкбол – Азийн наадамд анх удаа
  • Esports – өмнө нь орж байсан
  • Крикет – өмнө нь орж байсан

Ингэснээр Азийн наадам уламжлалт олимпын төрлүүдээс гадна хурдацтай хөгжиж буй шинэ спорт, залуусын сонирхлыг татсан төрлүүдийг хөтөлбөртөө нэмж, спортын хүрээгээ өргөжүүлж байна.

Айчи-Нагояа 2026-д Азийн 45 олимпын хороо оролцох бөгөөд нийт 43 спортын төрөлд тамирчид өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн