Тайландын эмэгтэй волейболчид Азид ноёлж, анх удаа олимпын эрх авлаа

Азийн эмэгтэйчүүдийн волейболын тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2026.08.30/ өндөрлөлөө. Энэ жил Хятадын Тяньжин хот тэмцээнийг хүлээн авсан бөгөөд шилдэг, чансаа өндөр 12 улсын шигшээ баг өрсөлдөв. Энэ удаагийн гол онцлог нь энэ жил тивдээ түрүүлсэн баг 2028 оны Лос Анжелесын олимпын эрх авах байсан юм.

Тэгвэл энэ жил Тайландын шигшээ баг Япон болон Хятадын хүчирхэг багуудыг хожиж, аваргаа хамгааллаа. Ийнхүү тэд дөрөв дэх удаагаа тивийнхээ тэргүүн баг болжээ. 2023 онд Тайланд мөн түрүүлсэн түүхтэй.

Хятад, Япон тэргүүтэй волейболын хүчирхэг гүрнүүд өмнө нь Азийн аваргад үндсэн шигшээ багаа төдийлөн илгээдэггүй байсан учир Тайландын түрүүг үнэлэх хүн цөөхөн байсан. Харин энэ удаад олимпын эрх олгох учир улс орнууд шилдэг тамирчдаа илгээв. Гэвч Тайландыг дийлсэнгүй.

Тайландын шигшээ баг хасагдах шатанд Өмнөд Солонгосыг 3-0, хагас шигшээд Японыг 3-1, финалд Хятадыг нутагт нь 3-2 гэсэн харьцаатай тус тус хожжээ.

Финалын дараа Тайландын дасгалжуулагч Киаттипон Радчатагринкай ярихдаа “Бид гайхамшгийг харж байна. Гайхалтай. Тамирчид болон арын албаныхандаа баярлалаа. Олимпод оролцоно гэдэг бол бидний, манай ард түмний мөрөөдөл байлаа. Бид зорьсондоо хүрлээ. Итгэж чадахгүй байна” гэсэн юм.

Тэмцээний шилдгээр Тайландын холбогч Порнпун Гуедпард тодорсон юм. Тэрбээр хагас шигшээд Японы эсрэг, финалд Хятадын эсрэг гайхалтай тоглосон. Түүний холболтууд, давуулалтууд багтаа эерэг үр дүнд авчирч байлаа.

Энэ тэмцээнд Ираны шигшээ баг мөн сайн тоглосон. Саяхан л Монголын шигшээ багт хожигдож байсан тэд энэ удаад хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн тоглолтод Японд дийлдэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн