БИШКЕК, 2026 оны наймдугаар сарын 31. /ТАСС/. Киргиз улсад маргааш эхлэх Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд 112 улсын 3 мянга орчим тамирчид оролцох гэж байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм.
Тус наадамд Кабо-Верде, Австрали, Шинэ Зеланд, Алжир, Бурунди, Гамби, Иордан, Египт, Кот-д’Ивуар, Оман, Уганда, Этиоп, Хойд Македонийн баг тамирчид анх удаагаа оролцож байна.
Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багуудын нэг бол Оросын шигшээ баг бөгөөд тус улсын 33 субъектээс ирсэн тамирчид спортын бүх 43 төрөлд өрсөлдөнө.
Наадмын нээлтийн ёслол Төв Ази дэх хамгийн том 51 мянган үзэгчийн багтаамжтай Бишкек хотын “Бишкек Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин уралдааны тэмцээнүүд Кырчин агуйн орчимд, мөн Иссык-Куль мужийн Чолпон-Ата хотод есдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэн явагдана.
Наадмын сонирхолтой спортын төрлүүдийн нэг бол Азийн ард түмнүүдийн дунд түгээмэл дэлгэрсэн кок-бору гэдэг морин спортын төрөл юм. Мөн бөхийн 16 төрлөөр, тэдгээрийн дотор Туркийн ашыртмалы аба гюреши, Тажикийн гуштини милли камарбанди, Татарын корэш, Персийн пахлавани гэдэг төрлүүдээр барилдаанууд болно.
Дэлхийн нүүдэлчдийн анхны наадам 2014 онд Киргизэд болж, 19 улсын 583 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн байна. Түүнээс хойш хоёр жилд тутамд зохион байгуулагдсаар ирсэн бол 2020 онд цар тахлын улмаас тасалджээ. 2022 онд Туркийн эртний Изник хотод /3 мянган тамирчин, 102 улс/, 2024 онд Казахстанд /2.5 мянга, 89 улс/ тус тус болсон юм.