NHL-ийн түүхэн дэх хамгийн өндөр цалинг Кейл Макар авна

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/.  Канадын хоккейчин Кейл Макар Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Колорадо Эвеланш” багтай гэрээ байгуулсан нь тус лигийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ боллоо.

Ирэх улирлаас хэрэгжих 8 жилийн хугацаатай гэрээний дагуу К.Макар жилд дунджаар 20.4 сая долларын цалин авах бөгөөд энэ нь 8 жилд 163.2 сая доллар болж байна.

Спортын сэтгүүлч Эллиот Фридманы Х нийгмийн сүлжээнд бичсэнээр бол, 20 сая доллароос дээш цалинтай NHL лигийн анхны тоглогч бол Макар юм. Түүнээс өмнө 7 дугаар сарын 29-нд “Сан-Хосе” багийн канад довтлогч Маклин Селебрини жилийн 18.8 сая долларын цалинтай, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь лигийн хувьд рекорд үзүүлэлт байв.

Өдгөө 27 настай Макарыг “Колорадо” баг 2017 онд драфтын 4 номероор сонгож авчээ. Тэрбээр 2019/2020 оны улиралд шилдэг шинэ тоглогчид олгодог “Колдер Трофи” шагналыг хүртсэн байна. Мөн 2022 оны Стэнли цомд аваргалж, шилдэг хамгаалагчид олгодог “Жеймс Норрис Трофи” шагнал, плей-оффын хамгийн үнэ цэнтэй тоглогчид олгодог “Конн Смайт Трофи” шагналын эзнээр тодорч байв. Түүнчлэн Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 оны ДАШТ-нд түрүүлж, 2026 оны өвлийн Олимпын наадмаас мөнгөн медаль хүртжээ.    

Тэрбээр одоогийн байдлаар NHL лигийн аварга шалгаруулах тэмцээний нийт 470 тоглолтод оролцохдоо 136 шайб оруулж, 371 оновчтой дамжуулалт өгөөд байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн