ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Австралийн холбооны улсын “VRM biologik” группийн захирал Кэн Белламиг хүлээн авч уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Тус группийн захирал Кэн Беллами Австрали болон Саудын Араб, Египет, Хятад улсад амжилттай хэрэгжүүлсэн гидросинтез технологио Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж, туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ шинэ технологийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын хүрээний санаачилга чухлыг дурдаад, хөрсний чийг, хур тунадас багатай говийн бүсэд энэ технологийг турших төсөл хэрэгжүүлэхийг санал болголоо.
“VRM Biologik” групп нь хөдөө аж ахуйг нөхөн сэргээх, хөрсийг эрүүлжүүлэх, органик хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австралийн байгаль орчны технологийн компани юм. Тус групп хүнсний үлдэгдэл, бохир ус, ургамлын гаралтай органик хог хаягдлыг микробын идэвхт катализатор болгон хувиргах, хөрсний чийгийг нөхөн сэргээх, элэгдсэн өнгөн хөрсийг эрүүлжүүлэх, шим тэжээлийг биологийн аргаар нэмэх бүтээгдэхүүнүүд гаргадаг. Мөн хур тунадас багатай орчинд микробын урвалын тусламжтай хөрсөнд чийг хуримтлуулах гидросинтез технологи ашиглаж тариалангийн доройтсон талбайг нөхөн сэргээх, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах үйл ажиллагаа явуулдаг ажээ.