Солонгосын Дэгү хотод хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
11 хоногийн турш буюу ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд 100 гаруй орны 35-аас дээш насны 7500 мянга гаруй тамирчин, 4000 орчим албаныхан хөнгөн атлетик, талбай, замын төрөлд өрсөлдөхөөр Дэгүд цуглажээ. Тэгвэл манай улсаас 50 гаруй тамирчин ДАШТ-д эх орноо төлөөлж байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр 90-ээс дээш насны эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд гавьяат тамирчин Ц.Раднаа 18.29 секундийн амжилтаар түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаажээ. Өдгөө 92 настай түүний хувьд 2019 онд 85 настайдаа Польшид болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болж байсан. Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.
Харин дүүгүүр шидэлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 85-аас дээш насны ангилалд гавьяат тамирчин Т.Цэрэндолгор хүрэл медаль хүртсэн байна. Өдгөө 88 настай тэрбээр 2002 оноос эхлээд мастеруудын тэмцээнд ёстой тасралтгүй оролцсон. ДАШТ-д өмнө нь 12 удаа оролцохдоо 15 алт авчээ. Түүнчлэн өнгөрсөн жил мастеруудын дэлхийн наадмаас гурван алтан медальтай эх орондоо ирж байсан юм.

