ОХУ Украины худалдааны төвд дроноор халджээ

ОХУ Украины Кривий Рих хотын худалдааны төвд өчигдөр (2026.08.21) өдрийн цагаар дроноор халджээ.Үүний улмаас наад зах нь 14 хүн амиа алдаж, 121 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд 22 хүүхэд байв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн мэдээлснээр, халдлага орон нутгийн цагаар 16:30 орчимд болсон бөгөөд Оросын дронууд хоёр удаагийн давалгаагаар довтолсон. Хоёр дахь халдлага эхнийхээс 30 орчим минутын дараа болсон бөгөөд энэ үед аврах алба хаагчид ослын газарт ажиллаж байжээ.

Кривий Рих хотын батлан хамгаалах зөвлөлийн дарга Александр Вилкулын мэдээлснээр, хоёр дахь халдлагад тийрэлтэт хөдөлгүүртэй “Shahed” төрлийн дрон ашигласан байна. Дронууд маш нам өндөрт нисэж байсан гэж тэр хэлжээ.

Шархадсан 121 хүний 29-ийнх нь биеийн байдал хүнд, тэдний дунд таван хүүхэд байгаа аж. Мөн зарим хүн сураггүй болсон бөгөөд тэдэнтэй холбоо тогтоох боломжгүй байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Украины хүний эрхийн идэвхтэн Дмитро Лубинец Оросын арми энгийн иргэд олноор цугладаг газруудыг зориудаар онилж байна гэж мэдэгдсэн байна.

Кривий Рих нь ерөнхийлөгч Зеленскийн төрсөн хот юм. Тус хот Оросын халдлагад өмнө нь хэд хэдэн удаа өртөж байсан бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард Оросын баллистик пуужингийн цохилтын улмаас 19 хүн, тэр дундаа есөн хүүхэд амиа алдаж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн