Усгүйдэл ба дайн: 2026 оны усны хямралын голомтууд

Сүүлийн жилүүдэд устай холбоотой мөргөлдөөн эрс нэмэгдсэн нь Шведийн нийслэл Стокгольм хотод Ням гаригт (2026.08.23) эхэлсэн “Дэлхийн усны долоо хоног” олон улсын бага хурлын гол сэдвүүдийн нэг болж байна. Энэ жилийн хурлыг “Хүн ба хөгжилд зориулсан ус” уриан дор зохион байгуулж буй: Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээг Стокгольмын Олон улсын усны хүрээлэн (SIWI) санаачлан явуулдаг. Хуралд дэлхийн усны аюулгүй байдалд тулгарч буй өсөн нэмэгдэх сорилтуудыг хэлэлцэж байна.

АНУ-д төвтэй усны асуудлаарх судалгааны байгууллага болох “Pacific Institute”-ийн мэдээлснээр, 2024 онд устай холбоотой 420 мөргөлдөөн бүртгэгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь 2022 онд бүртгэгдсэн 235 мөргөлдөөнөөс 78 хувиар өссөн үзүүлэлт юм. Гол төлөв усны дэд бүтцэд халдах, усны хүртээмжийн талаарх маргаан мөргөлдөөн үүсэхэд нөлөөлж байна. Ялангуяа удаан хугацаанд дайн мөргөлдөөнтэй бүс нутгуудад энэ асуудал хурцдаж байна.

Усгүйдэл ба дайн: 2026 оны усны хямралын голомтууд

УСТАЙ ХОЛБООТОЙ МӨРГӨЛДӨӨНИЙ ГОЛ ШАЛТГААНУУД

Дэлхийн хэмжээнд устай холбоотой мөргөлдөөнийг 30 гаруй жилийн турш судалж буй “Pacific Institute” байгууллагаас ус хэрхэн зөрчил, мөргөлдөөнд нөлөөлж буйг гурван үндсэн төрөлд ангилдаг.

  • Хохирол: Дайн, мөргөлдөөний үеэр далан, ус дамжуулах хоолой, худаг, ус цэвэрлэх байгууламж зэрэг усны дэд бүтэц сүйдэх тохиолдол юм. 2024 онд устай холбоотой мөргөлдөөний 55 хувь нь ийм шалтгаантай байжээ.
  • Мөргөлдөөнийг өдөөх: Усны хомсдол, усны хүртээмжийн тэгш бус байдал, усны нөөцийн төлөөх маргаан нь хүчирхийлэл, мөргөлдөөнд хүргэдэг. Ялангуяа малчид, тариаланчид, орон нутгийн иргэд болон зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд ийм маргаан гардаг. 2024 онд нийт мөргөлдөөний 28 хувь нь усны хомсдол, хүртээмжтэй холбоотой байжээ.
  • Зэвсэг болгон ашиглах: Усны хангамжийг зориудаар таслах, усны эх үүсвэрийг бохирдуулах, тодорхой бүс нутгийг үерлүүлэх, усны хүртээмжийг хянах замаар өрсөлдөгч талд дарамт үзүүлэх явдал юм. Энэ нь харьцангуй ховор боловч байсаар байгаа юм. 2024 онд нийт тохиолдлын хоёр хувь нь ийм хэлбэртэй байжээ.

Усгүйдэл ба дайн: 2026 оны усны хямралын голомтууд

Үүнээс үзэхэд усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт болон зөрчил мөргөлдөөний хоорондын холбоо улам бүр нэмэгдэж байна.

2026 ОНД УСТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ ХААНА ХАМГИЙН ТОМ АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА ВЭ?

Палестин

Газын зурваст 2.1 сая хүнээс 1.9 сая нь дүрвэсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Израилийн халдлагын улмаас ус, ариун цэврийн байгууламжийн 90 орчим хувь нь эвдэрч, сүйджээ. Унд болон хоол хийхэд шаардлагатай усны хэмжээ нэг хүнд өдөрт хамгийн багадаа зургаан литр байдаг. Гэвч палестинчуудын 70 хүртэлх хувь нь үүнээс ч бага хэмжээний ус авч байна. Мөн өрхийн 90 орчим хувь нь усны хомсдол, аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгарчээ.

Хил хязгааргүй эмч нар байгууллагын мэдээлснээр, Газад усны үнэ 500 хүртэл хувиар өссөн байна. Усны байгууламжид халдах, усны нийлүүлэлтэд хязгаарлалт тавих зэрэг нь усны хангамжийг тасалдуулж, суулгалт болон арьсны өвчлөлийг нэмэгдүүлэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэл учруулж байна.

Судан

2023 оны дөрөвдүгээр сараас хойш Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай дэмжлэгийн хүчний хоорондын мөргөлдөөний улмаас 12 сая орчим хүн дүрвэж, 30 сая гаруй хүн хүмүүнлэгийн хямралд өртөөд байна. Усны нөөцийн сав, ус цэвэрлэх байгууламж, ус түгээх сүлжээ зэрэг дэд бүтцэд халдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Үүний улмаас ус, ариун цэврийн систем доголдож, холерын дэгдэлт нэмэгдэн, хүнсний хомсдол даамжирчээ.

Усгүйдэл ба дайн: 2026 оны усны хямралын голомтууд

Иран

АНУ болон Израилийн агаарын цохилт нь олон жилийн турш ган гачиг, хур тунадасны хомсдол, газрын доорх усны нөөцийн багасалт болон хөдөө аж ахуйн өндөр хэрэглээний дарамтад орсон Ираны усны системд нэмэлт хүндрэл учруулж байна. Халдлагын улмаас Кешм арал болон Хормозган мужийн ус цэвэршүүлэх байгууламж, усны нөөцийн савууд эвдэрч, хэдэн арван мянган хүний усны хангамж тасалдсан байна.

Зарим усан сангийн нөөц 92 хүртэлх хувиар багассан. Тухайлбал, дөрвөн сая орчим хүн амтай Машхад хотын усан сангуудын усны түвшин гурван хувиас доош оржээ.

Персийн булангийн бүс

Ирантай холбоотой дайн нь дэлхийн усны хомсдол ихтэй бүсүүдийн нэг болох Персийн булангийн орнуудын усны дэд бүтэц хэр эмзэг байгааг харууллаа. Эдгээр улс далайн усыг цэвэршүүлэн ундны ус болгодог томоохон байгууламжаас ихээхэн хамааралтай. Кувейтийн ундны усны 90 орчим хувь, Оманых 86 хувь, Саудын Арабынх 70 хувь нь ус цэвэршүүлэх байгууламжаас хамаардаг. Бахрейнд энэ үзүүлэлт 90-ээс дээш хувь, Катарт 99 хувь байна.

Дайны үеэр Бахрейн, Кувейт, Арабын нэгдсэн Эмират дахь ус цэвэршүүлэх байгууламжууд эвдэрсэн. Гэхдээ одоогоор усны хангамжид үзүүлсэн нөлөө харьцангуй бага байна.

Украин

Орос, Украины дайн үргэлжлэхийн хэрээр ус болон эрчим хүчний чухал дэд бүтэц эвдэрчээ. Улмаар Украины усны хямрал улам даамжирч байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр өнгөрсөн онд 4.3 сая хүн аюулгүй усаар хангагдсан ч 12.7 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хэвээр байна.

Халдлагын улмаас цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 70 хувиар буурч, ус болон дулааны хангамжид сөргөөр нөлөөлжээ. Херсон хотод энэ сард болсон халдлагын улмаас бүхэл бүтэн хорооллуудын усны хангамж тасарсан байна. 2023 оны зургадугаар сард Каховкагийн далан сүйрсэн нь 100 мянга гаруй хүнд нөлөөлсөн. Одоо Украины хэмжээнд 10 сая орчим хүн найдвартай, аюулгүй ундны цэвэр усны хүртээмжгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн