ОХУ дор хаяж 300 мянган цэрэг дайчилна

ОХУ энэ оны сүүлээр дор хаяж 300 мянган цэрэг шинээр дайчлах магадлалтай байгааг Украины ерөнхийлөгч В.Зеленский анхаарууллаа. ОХУ-ын арми хүн хүчний асар их алдагдалтай байгаа ч энэ оны эцэс гэхэд жилийн эхэн үеийнхтэйгээ адил хэмжээний газар нутгийг эзэлсэн байх магадлалтай гэж таамаглаж байна.

Тэрбээр хэлэхдээ “ОХУ энэ он гарсаар 267 мянган цэргээр хохирсон бөгөөд үүнээс 155 мянга нь амиа алдсан цэрэг. Тэд ирэх сард болох парламентын сонгуулийн дараа дайчилгаа явуулна гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ томоохон хотуудад зохион байгуулахгүй байх. Украины зүүн хэсгийн нөхцөл байдлаас хамаараад Путин 300 мянган цэрэг шинээр байршуулах байх. Бас энэ оны эцэс гэхэд Донецкийг бүрэн эзлэх тушаалыг генералууддаа өгсөн гэж бодож байна. Тэд 300 мянган шинэ цэргээ бүгдийг нь алдах болно, бид тэднийг арчаад хаяна” гэжээ.

2022 оны дайчилгаа өргөн хүрээтэй эсэргүүцлийг өдөөж, залуу эрчүүд улс орноо орхин дүрвэхэд хүрсэн билээ. Гэтэл өдгөө парламентын сонгууль дөхсөн эгзэгтэй цаг үед дайчилгааны тухай мэдээлэл дахин гарсан нь янз бүрийн таамгийг бий болгоод байна.

Украины анги нэгтгэлүүд яг одоогоор Донецкийн 20 орчим хувийг хамгаалсаар байна. Үүнд Славянск, Краматорск зэрэг стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн хотуудын бүс багтах юм. ОХУ-ын арми цаашид Украины хойд хэсэг болох Харьков, Сумы мужууд руу довтлохыг оролдож магадгүй гэсэн таамаглалыг Зеленский дэвшүүлжээ. Украины хойд хэсэгтэй хиллэдэг Брянск мужид одоогоор цэрэг байршсан зүйл харагдахгүй байгаа ч цэргийн техник хэрэгслүүд үзэгдэх болсон аж.

Зеленский сүүлийн мэдэгдэлдээ “Patriot” пуужингийн системийн нийлүүлэлтийн талаар ч дурджээ. 2023 онд Украинд нийлүүлсэн нийт “Patriot” пуужингийн системийн тоо 675 байсан бол энэ оны байдлаар 264 байгаа юм. Баллистик пуужингийн дайралтууд Украин даяар иргэний байгууламж, дэд бүтцүүдийг сүйтгэсээр байгаа бөгөөд үүнээс сэргийлэх цор ганц арга нь “Patriot” пуужингийн систем. Гэвч пуужингийн системийн нийлүүлэлт АНУ-аас түлхүү хамааралтай байгааг Зеленский учирлаж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Украинд “Patriot” пуужингийн систем угсрах зөвшөөрлийг олгох тухай ам нээсэн боловч сүүлд нь энэ санаагаа орхижээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн