Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулах шар тивийн олимп “Айчи-Нагояа 2026” ХХ наадам эхлэхэд 28 хоног үлдлээ.
Өчигдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас хэрэглэлийг албан ёсоор гардуулжээ.
Өнөөдрийн байдлаар Монголын баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ өгсөн байна. Монголын үндэсний олимпын хороо спортын хувцас, хэрэгслийн 361° брэндтэй хамтран ажиллаж, баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай нэгдсэн хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй хангаж байгаа бөгөөд ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүй, баг тамирчдын хувцас хэрэгслийн зардлыг бие даан шийдвэрлэж, тамирчдын бэлтгэл, оролцоог бодитоор дэмжиж байгаа юм. Үүнээс гадна МҮОХ-ны зүгээс наадамд оролцох баг тамирчдын бэлтгэлийг дэмжих зорилгоор спортын холбоодод нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хуваарилан олгожээ. Монголын баг “Ханжоу 2022” Азийн наадамд спортын 34 төрөлд 400 гаруй тамирчин илгээхдээ 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 22 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлж байв.
361° брэнд нь хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны Бахрейны Азийн залуучуудын наадам, 2026 оны “Айчи-Нагояа 2026” Азийн наадам, “Дакар 2026” залуучуудын олимпын наадам, “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын 1300 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг 15 нэр төрлийн, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий спортын хувцас, хэрэгслээр дэмжин ажиллаж байна.
“Айчи-Нагояа 2026” наадамд урьдчилсан байдлаар АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид 43 спортын 71 зай төрөлд нийт 11000 тамирчин, 6200 гаруй дасгалжуулагч, албаны төлөөлөгч, 3600 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлжээ. Оролцогчдын тоогоор Япон 939 тамирчинтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ 815, БНСУ 792 тамирчин бүртгүүлээд байна. Түүнчлэн нийт тамирчдын 42.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн наадмын түүхэнд жендэрийн тэгш байдлыг хамгийн өндөр түвшинд хангасан наадмуудын нэг болж байгаагаараа онцлог юм.








