Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ыг Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд “Газрын доройтлыг сааруулах, экосистемийг сэргээх” тухай хэлэлцлээ.
Хэлэлцүүлэг нь газрын доройтлыг сааруулах, доройтсоныг нь нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байгаль, нийгмийн тогтолцоог бий болгох арга замыг эрэлхийлэх зорилготой юм. Энэ үеэр зарим төлөөлөгч газрын доройтол, цөлжилт, экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр байр сууриа хуваалцлаа.
Монгол Улсын хувьд газрын доройтлыг сааруулах, доройтсон газар, бэлчээрийг нөхөн сэргээх зорилтыг үндэсний бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, холбогдох бодлогын баримт бичигт доройтсон газар нутгийн тодорхой хэсгийг нөхөн сэргээж, экологийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Хэлэлцүүлэг нь газрын доройтлыг сааруулах олон улсын туршлага, шинжлэх ухааны ололтыг Монгол Улсын нөхцөлд нутагшуулах, экосистемийн нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэхэд чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлэгт БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн, НҮБ-ын ХХААБ-ын Газрын болон биологийн олон янз байдлын газрын захирал Жамал Аннагылыжова, Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Бакей Агипар, Бразилын Байгаль орчин, сэргээгдэх байгалийн нөөцийн хүрээлэнгийн агрономич Ракел Каролине Алвес Ласера, Бодлогын судалгааны төвийн үүсгэн байгуулагч захирал А.Энх-Амгалан, Сахарын ажиглалтын төвийн төлөөлөл Абдулкарим Белло болон албаны бусад хүн оролцжээ.