Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын дараа дөрвөн сэдвээр салбар хуралдаан боллоо.

Тодруулбал:

Хотын экосистемийг сэргээх нь: Газрын доройтол, тоосжилт болон шороон шуургатай тэмцэх,

Дусал бүрийг хамгаалах нь: Усны хомсдол, ган гачиг, газрын доорх усны дарамттай тулгарч буй хотууд,

Амьдрахад таатай хотыг цогцлоох нь: Хотын өсөлт, шилжилт хөдөлгөөн, газар ашиглалтыг чиглүүлэх,

Амлалтаас түншлэл рүү: Тэсвэртэй өсөлтийн төлөөх ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа сэдвээр болсон юм. 

Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, түүнийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлсэн. Мөн “Олон түвшний засаглал, түншлэлээр дамжуулан орон нутагт газрын доройтлыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх манлайллыг сайжруулах нь” өндөр түвшний хэлэлцүүлэг хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Уулзалт өндөрлөж байгаа ч энд өрнөсөн яриа, хуваалцсан санаа, эхлүүлсэн хамтын ажиллагаа шинэ түншлэлээр үргэлжилнэ” гэдгийг онцлов. Тэрбээр “Хотууд байгаль, газар зүй, уур амьсгал, эдийн засгийн хувьд харилцан адилгүй ч хоорондоо ойлголцоход их зарцуулсангүй. Усны нөөцийн сорилттой тулгарч буй, элсэн шуурганы нөлөөг мэдэрч буй, хүн амын хурдацтай өсөлттэй зэрэгцэн хөгжлөө төлөвлөж буй хот гэх мэт ялгаа бий ч асуудал нь олон талаараа нийтлэг байлаа. Хот бүр өөрийн онцлогтой ч амьдрахад таатай ирээдүйг бүтээх зорилгын төлөө ярилцаж, ойлголцсондоо баяртай байна. Хэлэлцүүлгийн явцад хотын хөгжил, газар, ус, байгаль орчны асуудлыг тус тусад нь бус харилцан уялдаатай авч үзэх ёстой гэсэн ойлголтод хүрлээ. Усны тухайд зөвхөн хангамжийг нэмэхээс гадна хэрэглээг зохистой удирдах, алдагдлыг багасгах, усыг дахин ашиглах, хурын усны менежментийг сайжруулах зэрэг шийдлийг хамтад нь авч үзэх шаардлагатай байна.

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Мөн хотыг барилга байгууламж, шинэ суурьшлын бүсээр хязгаарлалгүй, хүний хөгжил, нийтийн тээвэр, үйлчилгээний хүртээмж, байгаль орчны даацтай уялдуулан төлөвлөхөд анхаарах шаардлагатай. Эдгээр асуудлыг бодит ажил болгоход санхүүжилт хэрэгтэй. Орон нутгийн ногоон төслүүдийг хэрэгжих боломжтой түвшинд нь боловсруулж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжтой холбох нь чухал алхмын нэг. Эдгээр нь зөвхөн яриад өнгөрөх бус хотуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, санал, санаачилгыг бодит төсөлтэй холбож, туршлагаа тогтмол солилцох юм. Улаанбаатар хот энэ хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлэн хотуудын оролцоо, түншлэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарах болно” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн