М.Болдоо: Банкууд тогтвортой санхүүжилтээс байгаль орчны санхүүжилт рүү шилжиж байна

, 2026 оны наймдугаар сарын 21Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дөрөв дэх өдөр болсон “Байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийн загварууд” хэлэлцүүлгийн үеэр Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, “Сүүлийн үед банк, санхүүгийн байгууллагууд тогтвортой санхүүжилтээс байгаль орчны санхүүжилт рүү шилжиж байна. Энэ нь санхүүжилтийн хэлбэр өөрчлөгдөж байгааг харуулж байна” хэмээлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Тогтвортой санхүүжилтийн санаачилга нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт 2013 оноос эхэлсэн. Тухайлбал, “Өнө мөнхийн Монгол” Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг нэрлэж болно. Тус хөтөлбөр 15 жилийн хугацаанд Монгол Улсын байгаль хамгааллын үндэсний зорилтуудыг хангахад чиглэсэн, олон улсын болон үндэсний байгууллагуудын түншлэлд тулгуурласан, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлээд 2 жил болж байна.

Ингэхээр уг хөтөлбөр нь Монгол Улсын байгаль орчны салбарт хэрэгжиж буй хамгийн урт хугацааны, хамгийн том хөтөлбөр гэсэн үг. Тус хөтөлбөрийн хүрээнд олон зорилт туссаны дотор байгаль орчны санхүүжилтэд реформ хийх зорилтыг тусгасан. Сүүлийн үед сайн анзаарвал, санхүүжилтийн загвар өөрчлөгдөж байгааг харж болохоор байна. Дараагийн нэг хэлэх зүйл бол, байгаль орчныг санхүүжүүлж байгаа төсвийн санхүүжилтийн өнөөгийн арга ажиллагааг өөрчлөх цаг нь болсон байна.

Иймд байгаль орчны санхүүжилтийг үр дүнд суурилсан болгох, шалгууртай болгох, үр нөлөөг нь хэмждэг, түүнээсээ улбаалж санхүүжилтээ олгодог байх системийг нэвтрүүлэх саналыг боловсруулаад байна. Энэхүү саналаа Сангийн яаманд удахгүй танилцуулна. Тэгэхээр байгаль орчны санхүүжилтийг зарлага, ачаалал хэмээн харахаасаа илүүтэй, ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой.

Байгаль орчны санхүүжилтийг банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэн үр дүнд суурилсан урт хугацааны хөрөнгө оруулалт хэмээн үзэж, эл салбарт хөрөнгө оруулах болсон. Банкууд эхнээсээ хөв цөөрөм байгуулж байна. Булаг шандыг сэргээж байна. Багийн сургуулиудыг барьж байна. Тогтвортой, ногоон малчны зээлийг нэвтрүүлж байна. Тэгэхээр бүх талууд өөрсдийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хамтарч ажиллах юм бол бид том амжилтад хүрэх болно” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Олон улсын байгууллагуудын үнэлгээгээр, Монгол Улс өнөөдөр Тогтвортой санхүүжилтийнхээ амжилтаар тэргүүлэх орнуудын нэгд тооцогдож байгаа”-г яриандаа дурдсан юм.

М.Болдоо: Банкууд тогтвортой санхүүжилтээс байгаль орчны санхүүжилт рүү шилжиж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн