Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж, ХХААХҮ-ийн салбарын хэлэлцүүлэг “Тал нутгаас зах зээлд: Монголын бэлчээрийн нүүрстөрөгчийн боломж” сэдвээр боллоо.
Хэлэлцүүлгийг Yolda Initiative болон AMNC-ийн Гүйцэтгэх захирал, доктор Энгин Йылмаз удирдаж, ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Л.Чой-Иш, Япон Улсын Мицубиши корпорацын Эрчим хүч, эрчим хүчний системийн группийн менежер Такэхиро Ямамото нар илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгийг эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэхдээ, Монгол Улсын бэлчээрийн менежментийг шинээр хөгжиж буй нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулах, тогтвортой, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг олон улсын худалдаанд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн-100:1000” төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Нарлаг Монголын Малчин” хөтөлбөр зэрэг онцлог, шинэлэг санаачилгыг танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар онцоллоо.

СОР17-г зохион байгуулахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 2-нд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийг баталсан. Энэ хуулиар Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлж, бэлчээрийг ой, сав газрын нэгэн адил хүлэмжийн хийг шингээж, хадгалдаг экосистем болохыг эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрсөн. ХХААХҮЯ малчид, иргэдийн орон нутагтаа ая тухтай, тогтвортой амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн шинэ технологи, инновац, зах зээлийн боломжийг нэвтрүүлэх, ашиглахыг тууштай зорьж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд бий болж буй шинэ боломжийг соргогоор ашиглан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилтоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын байгууллага, улс орнуудтай энх тайванч, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно гэдгийг тэрбээр тодотгов.
Мөн Ерөнхий сайдын санаачилсан “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын нөөц, боломжид түшиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг орчин үеийн дэвшилтэт арга барил, техник, технологитой хослуулан хөгжүүлэх замаар эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг нэмэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэлээ.