Монголын жүдо бөхийн холбооноос багш, дасгалжуулагчдаа Японд сургаж, Кодоканы сургалтад хамруулсан бөгөөд шалгалтад тэнцэж, Кодоканы албан ёсны дангийн зэрэг хүртсэн багш, дасгалжуулагчдад үнэмлэх, сертификатыг гардуулан өгчээ.
Монголын жүдогийн сургалт нь үе үеийн багш, дасгалжуулагчдын хуримтлуулсан мэдлэг, туршлага, Зөвлөлтийн спортын шинжлэх ухаанч бэлтгэлийн систем болон самбо бөхийн арга барилд тулгуурлан хөгжиж, өнөөгийн амжилтын бат бөх суурийг бүрдүүлсэн билээ. Тэгвэл тус холбооноос энэхүү үнэт өв, туршлагыг улам боловсронгуй болгох зорилгоор Кодокан жүдогийн сургалтын арга зүй, философийг Монголынхтой уялдуулан хөгжүүлэх шинэ үеийг эхлүүлж байна.
Энэ нь өмнөх сургалтын тогтолцоог үгүйсгэсэн өөрчлөлт бус харин үе үеийн багш, дасгалжуулагчдын бий болгосон ололт амжилтыг Кодоканы үндсэн зарчим, олон улсын сургалтын жишгээр баяжуулан, дараагийн шатанд гаргах хөгжлийн чухал алхам гэдгийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онцлоод албан ёсны дангийн зэрэг хүртсэн нийт багш, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, амжилт хүсэв.