Бразилын төрийн өмчит газрын тосны компани “Petrobras” Амазон мөрний цутгалын ойролцоо газрын тосны шинэ орд илрүүлжээ. Ерөнхийлөгч Луис Лула уг нээлтийг сайшаагаад, “Энэ бол Бразилын ирээдүйн баталгаа” гэж мэдэгдэв.
Бразилын экваторын зах гэгддэг бүсэд хайгуулын өрөмдлөг хийхийг зөвшөөрсөн Лулагийн шийдвэр байгаль орчны идэвхтнүүдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн. Учир нь газрын тос асгарсан тохиолдолд байгаль орчин экосистем сүйднэ гэж тэд болгоомжилж буй. Гэсэн ч ирэх аравдугаар сард болох сонгуульд дахин өрсөлдөхөөр зэхэж буй Лула уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд чулуужсан түлшнээс аажмаар татгалзах амлалтаасаа няцаагүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өмнө нь байгаль орчны идэвхтнүүдийн шүүмжлэлийг хөндлөнгийн оролцоо гэж нэрлэн шүүмжилж байсан юм.
Газрын тосыг Амазоны эргээс 175 км орчим зайд далайд илрүүлсэн боловч ордын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ 2886 метрийн гүнд орших уг газрын тосыг олборлох нь эдийн засгийн хувьд ашигтай эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм.
“Petrobras” компани 2025 оны аравдугаар сард хайгуулын өрөмдлөгөө эхлүүлжээ.
Хэдийгээр зөрчилтэй зүйлс байгаа ч газрын тос илэрсэн талаарх мэдээ аль хэдийнэ эерэг нөлөөллөө үзүүлээд эхэлсэн байна. Тухайлбал, далайн эргийн ойролцоох Амарапа мужийн Ояпоке хотод ажлын байр, шинэ боломж бий болно гэсэн хүлээлтээс болж олон хүн шилжин ирж байгааг орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.