Эль Менчогийн үхлийн дараа Мексик даяар цэрэг байршууллаа

Мексикийн тусгай хүчин Ням гаригт (2026.02.22) “Jalisco New Generation Cartel”-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд толгойлогч Эль Менчо хочит Нэмэсио Осегуэра Сервантесийг хөнөөсөн билээ. “Jalisco New Generation Cartel” нь Мексикийн хамгийн том картелд тооцогддог бөгөөд толгойлогч нь эрэн сурвалжлагдаж байсан юм.

Хар тамхины томоохон наймаачны үхлийн дараа улс оронд эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн тул Мексик даяар олон мянган цэрэг байршуулжээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Рикардо Тревиллагийн хэлснээр Даваа гаригт /2026.02.23/ баруун Мексикт 2500 цэрэг байршуулсан аж. Харин Ням гаригаас хойш байршуулсан нийт цэргийн тоо 9500 хүрсэн байна.

Дор хаяж 20 мужид эмх замбараагүй байдал үүсч, Мексикийн Үндэсний гвардын дор хаяж 25 цэрэг амиа алджээ.

Тодруулбал, Эль Менчо нас барсан гэсэн мэдээ тармагц түүний картелын гишүүд улс орон даяар халдлага үйлдэж эхэлсэн. Зарим хотод тэд өргөс, хадаас хаях байдлаар замуудыг хааж, автобус, тээврийн хэрэгслүүдийг дээрэмдэн, заримыг нь шатаажээ. Мөн 10 гаруй банк, үйлчилгээний байгууллагууд ч үймээний хөлд өртжээ.

Эль Менчо нь олны өмнө гарахаас зайлсхийдэг, маш нууцлаг нэгэн байв. Түүний зураг, дүрс бичлэг ч цөөн байдаг бөгөөд цагдаагийн хүчнээс эмээдэггүй байсан гэдэг. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Эль Менчог найз бүсгүйтэйгээ хамт явж байхад нь тусгай хүчнийхэн мөрдөж, баривчилжээ. Баривчлах ажиллагааны үеэр тэрээр хүнд шархадсан бөгөөд Тапалпа хотоос нийслэл рүү шилжүүлэх замд нас барсан байна.

Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум энэ ажиллагааг сайшааж, улс оронд энх тайвныг тогтоож, аюулгүй байдлыг сахих нь миний нэн тэргүүний үүрэг гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн