Дэлхийн дэг журмыг эвдсэн 4 жил

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласнаас хойш бүтэн дөрвөн жил өнгөрчээ. Дэлхийн геополитик, эдийн засгийг бүхэлд нь өөрчилсөн энэ дайн Орост өөр аль ч улсын өртөж үзээгүй олон хориг арга хэмжээг авчрав.

БЭЛЭВСЭН ЭХНЭРҮҮД, ӨНЧИН ХҮҮХДҮҮДИЙН ОРОН

Мэдээж энэ дайны ард байгаа юу юунаас илүүтэй зүрх шимшрүүлэм баримт бол олон мянган хүний алтан амь. Гэмтэж шархадсан, нас барсан хүмүүсийнхээ тоог Оросын тал ч тэр, Украины тал ч тэр дарж мэдээлдэг. Гэсэн ч цахим орчинд ил байгаа баримт сэлтээр дайны хохирлыг барагцаалах боломжтой. Талууд нийлээд хоёр сая орчим цэргийн хохиролтой байгааг “Al Jazeera” мэдээлжээ.

Оросын талын нийт хохирлыг 1.25 сая хүн гэж Украин тооцоолжээ. Тэр дундаа өнгөрсөн онд 480 мянга орчим цэрэг шархадсан, нас барсан гэж үзэж байна. Оросын нийт хохирлын хэмжээг Стратеги, олон улсын судалгааны төв өнгөрсөн сард баталгаажуулсан бөгөөд 1.25 сая хүний 325 мянга орчим нь нас барагсад гэдгийг мэдээлэв.

“Энэ бол ер бусын тоо. Аль ч их гүрэн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм их хүнээ алдаж, хохироогүй” гэж Стратеги, олон улсын судалгааны төвийн тайланд дурджээ.

Тэгвэл Украины тал хэчнээн цэргийн хохиролтой байгаа вэ? Ерөнхийлөгч Зеленкий энэ сарын эхээр мэдээлэхдээ Украины тал бүтэн дөрвөн жилийн хугацаанд 55 мянга гаруй цэргээ алдсан гэжээ. Харин Стратеги, олон улсын судалгааны төв нийт хохирлын хэмжээг 600 мянга, тэр дундаа нас барагсдын тоог 140 мянга гэж тооцоолсон байна.

Эрчүүд нь фронтын шугамд дайтаж, олон мянгаараа амь үрэгдэх болсон тул Украин бэлэвсэн эхнэрүүд, өнчин хүүхдүүдийн эх орон болсон гэж “CNN” онцолжээ. Үүний зэрэгцээ төрөлтийн түвшин буурч, иргэд нь гадаадад дүрвэх болсон тул хүн ам зүйн хямрал Украиныг нэрвэж байна.

Украины хүн ам зүйч Элла Либанова “Энэ бол гамшиг. Хүмүүсгүйгээр ямар ч улс оршин тогтнож чадахгүй. Дайны өмнө ч Украины хүн амын нягтрал бага, жигд бус тархацтай байсан” гэжээ.

Статистик харвал ОХУ ч ялгаагүй бэлэвсэн эхнэрүүд, өнчин хүүхдүүдээр дүүрч буй нь дамжиггүй.

Оросын хохирол яагаад ийм илүү байгааг Стратеги, олон улсын судалгааны төв дараах байдлаар тайлбарлажээ. Юун түрүүнд Оросын арми танк, явган цэрэг, нисэх хүчин зэргээ хамтад нь сайн зохион байгуулж чадаагүй. Мөн тактик муу, бэлтгэл хангалтгүй, арми дотор авлигын асуудалтай, цэргүүдийн сэтгэл санаа тогтворгүй дорой, Украины тал хамгаалалтаа маш сайн зохион байгуулсан гэсэн шалтгаанууд байна.

Гэхдээ Украинд энгийн иргэдийн үхэл их байгааг НҮБ-ын Хүний эрхийн хяналтын төлөөлөгчийн газар мэдээлжээ. Дөрвөн жил үргэлжилсэн дайны хөлд 15168 энгийн иргэн амь үрэгдсэн бол 41534 хүн шархаджээ. Ингээд зогсохгүй жил ирэх тусам дайн энгийн иргэдэд илүү халгаатай болж байгааг онцолж байна.

Нас барсан, шархадсан хүмүүсээс гадна дүрвэсэн, Оросын хяналтад орсон газар нутагт амьдарч байгаа украинчуудыг тооцоод үзвэл тус улс дайнаас өмнөх нийт хүн амынхаа дөрөвний нэгийг алджээ. Дайнаас өмнө Украины хүн ам 42 сая байсан.

ГАЗАР НУТГИЙН ДАЙН

2022 оны гуравдугаар сард буюу дайны хамгийн оргил үед ОХУ-ын арми Украины нутаг дэвсгэрийн 26 хувийг эзлэн түрэмгийлээд байв. Үүнийг тухайн үед Вашингтонд төвтэй Дайны судалгааны хүрээлэн баталгаажуулсан байдаг. Харин дараагийн сард нь Украин хойд нутгийн Киев, Харьков, Сумы, Чернигов зэрэг хэд хэдэн хотоос Оросын цэргүүдийг шахаж гаргаснаар Кремлийн эзэмшилд газар нутгийн 20 хувь үлджээ.

Мөн оны найм, есдүгээр сард тухайн үеийн хуурай замын цэргийн командлагч Александр Сирський Харьковын хойд бүс дэх Оскил голын зүүн тал руу Оросыг шахан гаргах ажиллагааг удирдан зохион байгуулсан. Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын тал өмнөд бүсийн Херсонд Днепр мөрний зүүн эрэг рүү ухарсан. Ингэснээр Оросын хяналтад газар нутгийн 17.8 хувь үлдсэн байна.

Үүнээс хойших гурван жилийн хугацаанд дайн үнэндээ зогсонги байдалтай байна. Талууд зогсолтгүй гал нээж, эд хөрөнгө, хүний амиар хохирсоор байгаа ч гэлээ газар нутгийн хувьд тоймтой өөрчлөгдсөн зүйлгүй.

Оросын цэргүүд ахиц муутай боловч урагшилсаар 2025 оны арванхоёрдугаар сар гэхэд эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ 19.3 хувь хүрчээ. Энэ нь ойролцоогоор 116 мянган км квадрат талбай болно.

ДАРИЙН УТАА БОЛЖ ЗАМХАРСАН МӨНГӨ

Оросын цэргийн зардал 2021 онд 66 тэрбум ам.доллар хүрэхээргүй байлаа. Гэвч 2022 онд дайн эхэлснээр цэргийн зардал огцом өсч, 102 тэрбум ам.доллар хүрсэн байна. Улмаар 2023 онд 109, 2024 онд 149 тэрбум ам.доллар болсныг Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн мэдэгдэв.

Германы Олон улсын болон аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Янис Клюгегийн хэлснээр 2025 оны эхний есөн сарын хугацаанд Украины батлан хамгаалахын зардал 142 тэрбум болжээ. Үүнийг бүтэн жилээр тооцвол 2024 оны 149 тэрбум ам.долларыг давсан гэж үзэж байна.

Угтаа бол хяналтаас гарсан төсвийн алдагдлын дараа Оросын батлан хамгаалахын зардал өнгөрсөн онд 15 хувиар буурах төлөвтэй байжээ. Харвардын их сургуулийн Орос, Евразийн судалгааны Дэвисийн төвийн эдийн засагч Крэйг Кеннеди өнгөрсөн оны аравдугаар сард “2025 оны дайны санхүүжилт, түүний дотор зэвсэг үйлдвэрлэгчдэд төрийн зүгээс олгох зээл энэ жил 15 хувиар буурах төлөвтэй байна” гэж мэдэгдэж байв.

2026 оны хувьд Оросын батлан хамгаалахын зардал дор хаяж долоон хувиар буурах магадлалтай байна.

Харин Украины батлан хамгаалахын зардал 2021 онд 6.9 тэрбум ам.доллар байсан бол бүрэн хэмжээний довтолгооны эхний жилд 41 тэрбум ам.доллар хүрч огцом өсчээ. Ингээд 2023, 2024 онуудад тус бүр 65 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар 2025 онд батлан хамгаалахын төсөв дээд амжилт тогтоож, аравдугаар сарын байдлаар 71 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Украины өсөлтийг холбоотнууд, тэр дундаа Европын холбоо, АНУ голчлон санхүүжүүлжээ. Холбоотнууд 2022 оноос хойш Украинд нийтдээ 300 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн байна. Харин Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоноор АНУ-ын дэмжлэг хумигдаж, санхүүгийн ихэнх ачаалал Европ руу шилжжээ.

Шинжээчдийн мэдээлж буйгаар, хэдий АНУ нэрээ татсан ч Украины олон улсын дэмжлэг тогтвортой хэвээр байжээ. Учир нь Европ өөрсдийн хувь нэмрээ 60 гаруй хувиар нэмэгдүүлсэн юм.

Европын дэмжлэгийн хэмжээ өнгөрсөн онд 70 тэрбум ам.доллар орчим байсан бол АНУ-ынх 0.4 тэрбум ам.доллар байжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн