СИНГАПУР, 2026 оны наймдугаар сарын 18 /Reuters/. АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусаж, Техран “бүрэн хэмжээний довтолгоон”-д шилжинэ гэж мэдэгдсэнээр мягмар гарагт Азийн орнуудад арилжаа эхлэх үед газрын тосны үнэ бага зэрэг дээшилж, бондын хүү өссөнөөр хувьцааны ялимгүй өсөлтийг саарууллаа.
Амралтын өдрийн дараа Сөүлийн зах зээл эргэн нээгдэж, Өмнөд Солонгосын KOSPI индекс 3 гаруй хувиар өссөн бол Японоос бусад Ази, Номхон далайн бүсийн хувьцааны MSCI индекс 0.8 хувиар өсжээ. Nikkei 225 индекс 0.3 хувиар унасан бол S&P 500 e-mini фьючерс тогтвортой байв.
АНУ-ын 10 жилийн хугацаатай Холбооны нөөцийн сангийн бондын өгөөж 0.8 суурь нэгжээр өсөж, 4.728 хувьд хүрчээ. Харин 30 жилийн хугацаатай бондын өгөөж 0.6 суурь нэгжээр өсөж, 5.3146 хувьд хүрсэн нь сүүлийн 20-иод жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
“АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.65 хувиас давахад Трампын засаг захиргааны зүгээс Ирантай хийж буй дайныг удахгүй дуусгана гэх мэт тайвшруулсан үгс гардаг байсан. Энэ удаад бид ийм зүйл сонссонгүй. Үнэн хэрэгтээ, арай ядан дэнжгэнэж байсан 60 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дууссанаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх ямар ч шинж тэмдэг алга байна” гэж ING-ийн шинжээчид дүгнэжээ.
Дэлхийн хэмжээнд бондын борлуулалт эрчимжиж байгаатай холбоотойгоор Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.5 суурь нэгжээр өсөж, 2.945 хувьд хүрсэн нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт боллоо.