Өнөөдөр нээлтээ хийсэн COP17 бага хурлын Цэнхэр бүсэд Монгол Улсын Засгийн газрын байгаль орчны салбарын тэргүүлэх чиглэл болох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, нэгдсэн мэдээллийн сан болон төлөвлөлтийн тогтолцоог танилцууллаа.
Танилцуулгаар Монгол Улс ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, шинээр ойжуулах ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөлт, мэдээллийн системд тулгуурлан хэрэгжүүлж буй туршлага, цаашдын зорилго, үр дүнг олон улсын оролцогчдод хүргэлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, ойжуулалт, ойн хамгаалалтыг эрчимжүүлэх үндэсний хэмжээний томоохон санаачилга юм.
Нэгдсэн мэдээллийн сан, газарзүйн мэдээлэл, төлөвлөлт, хяналт-шинжилгээний тогтолцоог хөгжүүлснээр мод тарихаас гадна амьдралт, өсөлт, хамгаалалт, арчилгаа, үр дүнг хэмжих боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улс өөрийн туршлага, сургамж, инновацын шийдлээ олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцаж, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын дасан зохицол, тогтвортой газрын менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.





