Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын хүрээнд мэдээлэл өгөх Ногоон бүсэд Байгаль павилионыг нээлээ.
БОУАӨЯ-ны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг энэ үеэр хэлэхдээ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан чухал үед бид олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх Байгаль павильоныг нээлээ хэмээн онцлов. Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Галбадрах, “Хүн төрөлхтний өмнө өнөөдөр гурван сорилт ирээд байна. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт. Хоёрдугаарт биологийн олон янз байдал устах. Гуравдугаарт газрын доройтол буюу цөлжилт. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нэг улсын хичээл зүтгэл хангалтгүй тул НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлын алдагдлыг багасгах, цөлжилттэй тэмцэх гэсэн гурван том конвенцыг санаачлан ажиллаж буй”-г тэмдэглэв.
WCS байгууллагын Суурин төлөөлөгч Др. Жастин Шанти Александер, “Газар бол бүгдийн суурь юм. Биологийн олон янз байдал, нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлын асуудлыг ярихад газраас эхэлнэ. Монгол бэлчээр нутаг, эко системийн онцлог нь хязгаарлагдмал бус байдаг. Иймд энэ өргөн уудам нутагт нөлөөлөхийн тулд байгууллагууд хамтран ажиллах нь зайлшгүй. Иймд Байгаль павильон нээгдсэнд баяртай байна” хэмээв. МБӨС-ийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь, “Цөлжилт, ган, бэлчээрийн доройтолтой тэмцэх чухал арга хэрэгсэл нь хамгаалах явдал юм. Бид эко системийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийн 9 хувийг тусгай хамгаалалтад нэмж авснаар одоо байгаа 21 хувийг 30 хувь болгох үндэсний болон олон улсын зорилтыг Монгол Улс дэвшүүлсэн. Байгаль хамгаалал цөлжилттэй яаж холбогдох вэ, үүнд бид яагаад ач холбогдол өгөх ёстой вэ, тогтвортой санхүүжилтийн системийг хэрхэн үүсгэх вэ зэрэг асуудлыг хэлэлцэхээр Байгаль павильоныг нээж байна” гэлээ.
