Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17 //. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын холимог (co-ed) флаг хөлбөмбөгийн “UBFO 2026” тэмцээн энэ сарын 15-16-нд Төв аймгийн Зуунмод хот дахь Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд боллоо.
Тус тэмцээнд Монголын 7 клуб, Казахстаны 1 зочин баг буюу нийт 8 багийн 70 гаруй тамирчин оролцож, спортын ур чадвар, өрсөлдөх чадвараа сорилоо. Тэмцээний шүүлтийг Австрали улсаас тусгайлан урьсан мэргэжлийн шүүгч Грег Эверс (Greg Evers) удирдан явуулсан байна. Тэрбээр тэмцээний үеэр Монголын дотоодын шүүгчдэд зориулан сургалт зохион байгуулж, олон улсын түвшний туршлага, мэдлэгээсээ хуваалцжээ.
Оролцогч 8 багийг хоёр хэсэгт хуваан, урьдчилсан шатны тоглолтуудыг зохион байгуулсны дараа хагас шигшээ тоглолтууд дараах байдлаар өрнөв.
- Bayangol Hawks- Astana Yetis
- Erdenet Copperheads-Songinokhairkhan Mustangs
Аваргын төлөөх тоглолтод Казахстаны Astana Yetis болон Монголын Erdenet Copperheads багууд шалгарч үлдсэн бөгөөд өрсөлдөөнтэй тоглолтын эцэст Astana Yetis 21:14-өөр ялалт байгуулж, “UBFO 2026” тэмцээний аваргаар тодорлоо. Харин Bayangol Hawks баг хүрэл медалийн эзэн болсон байна.
“UBFO 2026” тэмцээн нь Монгол Улсад флаг хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд таниулахад чухал алхам боллоо. Цаашид тус тэмцээнийг улам өргөжүүлж, олон орны баг тамирчдыг оролцуулан тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.


