Улаанбаатар. 2026 оны наймдугаар сарын 17 //.Уран бүтээлч Хөх илдэт Э.Мягмардорж “ДОТОР ТНГРИ” болон “ТЭНГЭРИЙН ЗӨН” уран бичлэгийн үзэсгэлэнгүүдээ хамтатган 8-р сарын 28-нд албан ёсоор нээнэ.
“Тнгриз” төслийн цуврал үзэсгэлэнгийн эхнийх болох “Дотор тнгри” /Дотор тэнгэр/ үзэсгэлэнгээ “Skywing сenter”-т энэ сарын 5-наас дэлгэсэн юм. “Мөн чанарыг эрэлхийлэгч хүн болгонд зориулав” хэмээн уран бүтээлчийн тодотгож буй тус үзэсгэлэнд хүний дотоод оршихуй, ухамсар, өөрийн доторх тэнгэрийг эрэлхийлсэн орон зайн бүтээлүүд багтжээ. Харин эдгээр эрэл, мэдрэмж, зөн совингийн цаана орших хүн ба тэнгэрийн харилцааг цааш нь гүнзгийрүүлэн, илүү өргөн хүрээнд илэрхийлэхийг эрмэлзсэн бүтээлүүдээ “Тэнгэрийн зөн” үзэсгэлэндээ дэлгэхээр төлөвлөжээ.
Энэ тухайд уран бүтээлч Э.Мягмардорж, “Хүний дотоод тэнгэрээс тэнгэрлэг зөн мэдрэмж рүү чиглэсэн уран сайхны эрэл хайгуулыг энэ хоёр үзэсгэлэнгийн бүтээлүүдээрээ олон нийтэд хүргэхийг зорьсон. “Дотор тнгри” нь уран бичлэг, дүрслэх урлаг, монгол гүн ухаан, дотоод ухамсрын аяллыг нэгтгэсэн үзэсгэлэн юм. Энэ нь бэлгэдэлт зургаан орон зайгаас бүтэх бөгөөд гадаад ертөнцөөс дотоод оршихуй руу аажмаар шилжих эргэцүүлэл, бясалгал, мэдрэмжийн аялал байх юм .“Дотор тнгри” үзэсгэлэнд өгүүлсэн тэр эрлээс төрөх мэдрэмж, зөн, чиглэлийг “Тэнгэрийн зөн” үзэсгэлэнд илэрхийлнэ. Энэ нь үзэгчийг зөвхөн бүтээл үзэх биш дотоод мөн чанар оршихуйтайгаа уулзах орон зайд урьж буйгаараа онцлог гэж хэлж болно” хэмээн тодорхойллоо.
