БРЮССЕЛЬ, 2026 оны наймдугаар сарын 17 /ANADOLU/. Хэт халалт ба үргэлжилсэн их ган гачгийн улмаас Европын Холбооны ДНБ энэ онд 1 хувиар буурахаар байна. Ингэснээр эдийн засаг өснө гэсэн таамаглал зөрж, хасах үзүүлэлттэй гарах нь үндсэндээ тодорхой болсныг Нидерландын Triodos Bank-ны судалгаанд дурджээ.
Нэг хувь гэдэг нь ойролцоогоор 180 тэрбум евротой тэнцэнэ.
Судалгаанд дүгнэснээр, хэт халсны улмаас хөдөлмөрийн бүтээмж буурч байгаа нь ДНБ буурахад нөлөөлнө. Түүнчлэн хэт халалтын нөлөөгөөр Европын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл 3-7 хувиар буурч, хүнсний бүтээгдэхүүний ба цахилгаан эрчим хүчний үнэ өсөж, тээврийн салбарт доголдол гарч байна.
Хамгийн их хохирлыг Франц улс амсах бөгөөд үе үе хэт халж байгаагийн улмаас тус улсын ДНБ 1.4 хувиар буурч, жилийн дүнгээр эдийн засаг 0.6 хувиар агших төлөвтэй байгаа ажээ. Мөн Итали, Испани, Бельгийн ДНБ буурах нь тодорхой байна.
Европын Холбооны эдийн засаг 2026 онд 1.1 хувиар өснө гэж Европын комисс таамаглаж байсан бол ОУВС 0.9 хувийн өсөлт гарна гэжээ.