ПАЛИСАЙДЕС, 2026 оны наймдугаар сарын 17 /Reuters/. “Nashville”, “Heroes” зэрэг телевизийн цувралуудад бүтээсэн дүрээрээ алдаршсан Америкийн жүжигчин Хейден Панеттьери 36 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв.
Грэмми болон Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналд нэр дэвшиж байсан түүний нас барсан шалтгааныг шалгаж байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч Кэйси Китчен “NBC News” телевизэд мэдээлжээ.
Түүний эцэг Алан “Скип” Панеттьери хэлэхдээ “Тэр бол түүнийг таньдаг бүх хүмүүст болон дэлгэцээр үздэг сая сая хүмүүст хэмжээлшгүй их хайр, баяр баясгаланг бэлэглэж байсан гайхалтай гэрэл гэгээ, байгалийн хүч байсан” гэлээ.
Хүүхэд насандаа жүжигчин болсон Панеттьери 1998 онд гарсан Пиксарын алдарт “A Bug’s Life” хүүхэлдэйн киноны шоргоолжны бяцхан гүнж Дотын дууг оруулснаар олонд танигдсан юм. Тус киноны даган унших цомог дахь түүний бүтээл Грэммийн “Хүүхдэд зориулсан шилдэг ярианы цомог” төрөлд нэр дэвшиж байжээ.
Тэрбээр 2006 онд гарч эхэлсэн NBC сувгийн алдарт “Heroes” цувралын ер бусын хүчтэй ахлах сургуулийн хөгжөөн дэмжигч охин Клэйр Беннетийн дүрийг бүтээснээр нэр алдар нь түгсэн юм. Мөн 2000 онд Дензел Вашингтоны тоглосон “Remember the Titans” хөлбөмбөгийн драмын кинонд дүр бүтээж байв.
Түүнийг 1994 оноос хойш гишүүнээрээ бүртгэсэн Дэлгэцийн жүжигчдийн үйлдвэрчний эвлэлээс (SAG-AFTRA) гаргасан мэдэгдэлд “Хейден Панеттьери цаг бусаар таалал төгссөнд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Бид сэтгэл зүрхээрээ түүний охин, гэр бүл, найз нөхөд болон шүтэн бишрэгчидтэй хамт байх болно” гэжээ.
Панеттьери “Nashville” хөгжмийн драмын Жульетта Барнесын дүрээр 2013, 2014 онуудад Алтан бөмбөрцөг наадмын “Телевизийн цуврал, богино хэмжээний цуврал эсвэл телевизэд зориулан бүтээсэн киноны шилдэг туслах эмэгтэй жүжигчин” төрөлд хоёр удаа нэр дэвшиж байв.
Мөн “Scream” гэдэг хошин аймшгийн киноны цувралд тоглож байжээ.
