Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 14 //. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лороныг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Суурин төлөөлөгч Лионел Лоронд шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй залуучуудын хөгжлийн бодлогын талаар танилцуулав. Талууд уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдлыг хэлэлцэж, цаашид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой тодорхой үйл ажиллагаа, орон нутгийн иргэд, институциудэд чиглэсэн ажлыг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.
Түүнчлэн Суурин төлөөлөгч Лионел Лорон Монгол Улсыг “Youth Co:Lab Mongolia: Skills, Participation and Social Entrepreneurship for Mongolia’s Youth” төсөлд нэгдсэнд баяр хүргэж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад сайн дурын ажилтнуудын оролцоог ханган, чадавхжуулахад хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.