ЖЕНЕВ, 2026 оны наймдугаар сарын 7 /ТАСС/. Хөл бөмбөгийн холбоодын зүгээс шүүмжлэлд өртөөд буй ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиног дэмжиж байгаагаа Африкийн хөл бөмбөгийн холбоо /CAF/ илэрхийлжээ. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч Патрис Мотсепе мэдэгдсэн байна.
ДАШТ-ий зарим эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад зарах гэсэн Инфантиногийн төлөвлөгөөг тивүүдийн ба бүс нутгийн хөлбөмбөгийн холбоод эсэргүүцсэн тул тэрбээр төлөвлөгөөнөөсөө татгалзсан билээ. Эл асуудлаар ФИФА-гийн удирдлага Мароккод яаралтай хуралдаан хийж, алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйжээ.
“ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантино, ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём нарын хамтарсан мэдэгдлийг CAF дэмжиж байна” гэж Мотсепе хэлээд, 2026 оны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан ФИФА-гийн удирдлагад талархлаа илэрхийллээ.
Инфантиногийн хувьд FIFA Forward Enterprise гэдэг компанийг байгуулж, ФИФА-гийн ивээл дор болдог эрэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн тэмцээнүүдийг зохион байгуулах эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад олгохоор төлөвлөж байв. Ингэснээр ФИФА-гийн гишүүн холбоодын ашиг орлого нэмэгдэж, дэлхий дахинд хөл бөмбөгийн спорт хөгжихөд тус дөхөм болно гэж тэрбээр үзжээ. Энэ хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч албан тушаалтнууд, гишүүн холбоодын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тухайлбал, УЕФА, КОНКАКАФ, Азийн хөл бөмбөгийн холбоо, КОНМЕБОЛ зэрэг тивүүд ба бүс нутгуудын холбоод Инфантиногийн саналыг эсэргүүцжээ. Мөн ФИФА-гийн ивээл дор болдог тэмцээнүүдийг бойкотлоно гэдгээ УЕФА мэдэгдсэн байна.
The Telegraph сонинд бичсэнээр, хэрвээ Инфантино сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй бол түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө гэж УЕФА сануулсан байна. Мөн Европын хөл бөмбөгийн холбоод түүнийг ФИФА-гийн тэргүүнээр сонгохыг дэмжсэн шийдвэрээ хүчингүй болгоно гэжээ. Анхандаа УЕФА-гийн гишүүн 55 холбоодоос 52 нь Инфантиног дэмжсэн бол Герман, Румын, Норвег дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.