ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 31 /Reuters/. Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ болон тус холбооны гишүүн 55 улс ФИФА-гийн зохион байгуулдаг бүх тэмцээнийг бойкотлохоор санал нэгтэй шийдвэрлэснээ мэдэгджээ. Ингэснээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний арилжааны эрхээс тодорхой хувийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдах ФИФА-гийн төлөвлөгөөнд хүчтэй цохилт болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
УЕФА ширүүн өнгө аястай хийсэн мэдэгдэлдээ ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн санаачилгыг эрс эсэргүүцэж, Европын хөл бөмбөгийн холбоод энэ асуудалд нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. АНУ, Канад, Мексикт болсон хөл бөмбөгийн ДАШТ дууссанаас хэдхэн долоо хоногийн дараа Ж.Инфантино бүс нутгуудын холбоодтой урьдчилан зөвшилцөлгүйгээр дээрх саналыг энэ долоо хоногт дэвшүүлсэн нь ихээхэн маргаан дагуулаад байгаа юм.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн шигшээ багуудын дэлхийн чансааны эхний 10-т багтаж буй багуудын зургаа нь Европынх бөгөөд тэдгээрийн дунд дэлхийн аварга Испанийн шигшээ баг багтаж байна.
КОНКАКАФ буюу Хойд, Төв Америк болон Карибийн тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбоо, түүний 41 гишүүн холбоод пүрэв гарагт болсон уулзалтаараа ФИФА-гийн төлөвлөгөөг дэмжихээс мөн татгалзсан байна. Үүний зэрэгцээ Азийн хөл бөмбөгийн холбоо гишүүн 47 холбоондоо илгээсэн захидалдаа, зургаан бүс нутгийн холбоо бүгд дэмжээгүй тохиолдолд уг санаачилга хэрэгжих боломжгүй гэдгийг анхааруулжээ.
УЕФА-гийн энэхүү байр суурь 2027 онд Бразилд зохион байгуулах эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шууд нөлөөлж болзошгүй байна.