АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн агаарын баазуудыг Иранд цохилт өгөхөд ашиглаж болох эсэхийг Их Британиас асуужээ. Тэгвэл энэ хүсэлтэд татгалзсан хариу өгч буйгаа Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер мэдэгдлээ. Энэ хүсэлт нь олон улсын хууль журмыг зөрчинө гэж Британи мэдэгдэж байна.
Англи болон Диего Гарсиа дахь Хатан хааны агаарын хүчний хоёр бааз нь АНУ-ын хилийн чанад дахь чухал байршил болсоор ирсэн. Тэр дундаа Диего Гарсиа бол АНУ-ын хүнд бөмбөгдөгч флотын гол байршил.
“АНУ болон Ираны хооронд улс төрийн үйл явц үргэлжилж байгаа бөгөөд Их Британи үүнийг дэмжиж байна. Иран хэзээ ч цөмийн зэвсэг бүтээж болохгүй. Бидний тэргүүлэх чиглэл бол бүс нутгийн аюулгүй байдал” гэж Их Британийн засгийн газар мэдэгджээ.
Стармер, Трамп нар Мягмар гаригт утсаар ярьсан аж. Тэд Ойрхи Дорнод болон Европын энх тайвны талаар хэлэлцжээ. Маргааш нь Трамп цахим хуудсандаа Чагосын арлуудын бүрэн эрхийг Маврикид шилжүүлэх, хариуд нь Диего Гарсиа дахь цэргийн баазыг урт хугацаагаар түрээслэх гэрээг дэмжихээ больж байгаагаа мэдэгдсэн байна. Их Британи–Маврикийн хэлэлцээрийг Трамп анхандаа эсэргүүцэж байсан ч сүүлийн үед байр суурь нь зөөлрөөд байв.
Трампын эргэж буцсан байр сууринаас залгуулаад АНУ-ын Төрийн департмент мэдэгдэл хийхдээ “Вашингтон Их Британи-Маврикитай хийсэн тохиролцоогоо үргэлжлүүлэх шийдвэрийг дэмжиж байна” гэжээ.