ПАРИС, 2026 оны хоёрдугаар сарын 21 /Kazinform/. Өнгөрсөн 2025 онд Францад 102 сая гадаадын иргэд зочилсноор тус улс хамгийн олон жуулчин хүлээн авсан орноор шалгарчээ.
Францын Эдийн засгийн яамны мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд тус улсад 102 сая жуулчин ирсэн нь өмнөх Олимпын жилтэй /100 сая/ харьцуулахад 2 хувиар өссөн байна. Аялал жуулчлалаас орсон орлогын хэмжээ 2024 оныхоос 9 хувиар өсөж, 77,5 тэрбум евро буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бөгөөд Францын засгийн газар 2030 он гэхэд энэ тоог 100 тэрбум еврод хүргэх зорилт дэвшүүлжээ. Тус улсад хамгийн олноороо ирсэн жуулчид бол германчууд ба бельгичүүд /тус бүр 14,6 сая/, их британичууд /13,1 сая/, швейцарчууд /9 сая/ юм. Мөн америк жуулчдын тоо 17 хувиар нэмэгдсэн байна.
Хэдийгээр Франц улс жуулчдын тоогоор тэргүүлж байгаа боловч аялал жуулчлалаас олж буй орлогын хэмжээгээр Испанийн дараа бичигджээ. Тус улс 97 сая жуулчин хүлээн авч 105 тэрбум еврогийн орлого олсон байна.
Орлого зөрүүтэй байгаа нь дараах шалтгаантай ажээ. Гадаадын жуулчид Францад богино хугацаагаар ирдэг бөгөөд Өмнөд Европын Итали, Испани, Грек зэрэг улсад очихын тулд Францаар дамжин өнгөрдөг байна. Тэд Испанид илүү удаан хугацаагаар байдаг тул нэг жуулчнаас илүү их зардал гардаг ажээ.