ДАКАР, 2026 оны долоодугаар сарын 29 /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн нутгийн Гома, Букаву хотод мягмар гарагт олон мянган хүн жагсаж, тус улсын Ерөнхийлөгч Феликс Чисекедиг гурав дахь удаагаа нэр дэвших боломжийг нээж магадгүй байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцжээ.
Гома, Букаву хотууд өнгөрсөн онд AFC/M23 бүлэглэлийнхэн Хойд болон Өмнөд Киву мужуудад ширүүн давшилт хийснээс хойш тус бүлэглэлийн хяналтад байгаа юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх боломжтой болгох хуулийн төслийг БНАКУ-ын парламент өнгөрсөн зургаадугаар сард баталсан бөгөөд ингэснээр тус улсын Ерөнхийлөгч Ф.Чисекедид гурав дахь удаагаа нэр дэвших боломжийг нээж өгч магадгүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа ажээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд сөрөг хүчнийхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг эсэргүүцэн нийслэл Киншаса хотод жагсаал зохион байгуулсан бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн уг жагсаалыг хүчээр тарааж байв.
Жагсагчид “Үндсэн хуулийн өөрчлөлтөд ҮГҮЙ гэж хэлье”, “Бүх нийтийн санал асуулга явуулахгүй, гурав дахь удаагийн бүрэн эрх гэж байхгүй” гэсэн бичиг бүхий лоозон барьсан байжээ. Мөн НҮБ-аас энэ сард AFC/M23-ын толгойлогч Корнейл Нангаа болон тус бүлэглэлд авсан хориг арга хэмжээг цуцлахыг шаарджээ.
Конгогийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Патрик Муяя X нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ босогчид оршин суугчдыг албадан жагсаалд оролцуулсан гэж буруутгасан бол AFC/M23 бүлэглэл тайлбар өгөх хүсэлтэд даруй хариу өгөөгүй байна.
Эбола вирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор жагсаал цуглаан хийхийг хориглосон хэдий ч жагсаал цагдаагийн хяналт дор тайван болжээ.
AFC/M23 бүлэглэлийн удирдагч өнгөрсөн сард хяналтдаа авсан нутаг дэвсгэрүүдийг Эбола вирусээс ангижирсан гэж зарласан байна.