Перу: Кэйко Фүжимори ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Перу улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Кэйко Фүжимори Мягмар гаригт (2026.07.28) Конгрессын танхимд тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд зүүн жигүүрийн нэр дэвшигч Роберто Санчесийг 50 мянга хүрэхгүй саналын зөрүүгээр ялсан юм.

Ийнхүү 51 настай консерватив улстөрч сүүлийн 10 жилийн хугацаанд Перуг удирдах ес дэх ерөнхийлөгч болж байна. Тэрбээр тангараг өргөх үеэрээ улс төрийн олон жилийн тогтворгүй байдлыг эцэслэж, улс орны тогтвортой байдлыг сэргээхээ амлажээ.

Фүжиморигийн тэргүүлдэг “Fuerza Popular” нам парламент дахь хамгийн олон суудалтай хүчин юм. Тус нам гол барууны эвсэлтэй нийлснээр Сенатын тал хувийг бүрдүүлж байна. Энэ нь түүнийг өмнөх ерөнхийлөгчдийн адил хугацаанаасаа өмнө огцрох эрсдэлийг бууруулж байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх хэмжээний олонхыг бүрдүүлээгүй хэвээр байна.

Кэйко Фүжимори сонгуулийн кампанит ажлаа хууль, дэг журам тогтоох амлалтад төвлөрүүлсэн. Перу улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүнд аюулгүй байдлын хямралтай нүүр тулж байгаа бөгөөд зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан сүрдүүлэг, захиалгат аллага эрс нэмэгджээ.

Тэрбээр гэмт хэрэгтэй “төмөр нударгаар” тэмцэхээ илэрхийлж, Сальвадорын “Cecot” шоронгийн загвараар томоохон хорих анги байгуулахаа амлажээ.

Мөн  эрүүгийн хэргийн шүүхэд нэрээ нууцалсан шүүгч ажиллуулах, бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах, хоригдлуудыг хоолныхоо төлөө хөдөлмөр эрхлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр амласан байна.

Кэйко Фүжимори нь 1990-ээд онд Перуг удирдаж байсан ерөнхийлөгч асан Альберто Фүжиморигийн охин юм. Тэрбээр 19 настайдаа эцгийнхээ хүсэлтээр тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж эхэлснээр улс төрийн амьдралд хөл тавьсан. Альберто Фүжимори нь “Гэрэлт зам” (Shining Path) босогчдын хөдөлгөөнийг дарж, инфляцыг хяналтдаа оруулсан гэж дэмжигчид нь үнэлдэг. Гэвч засаглалынх нь үед гарсан гэм хэргүүдийн улмаас Альберто Фүжимори шүүхэд дуудагдаж, 16 жилийн хорих ял эдэлсэн байдаг.

Кэйко Фүжиморигийн ялалт энэ гэр бүлийг дахин төрийн эрхэнд авчирсан. Гэсэн хэдий ч хүний эрхийн байгууллагууд болон сөрөг хүчнийхэн түүний засаглал иргэний эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж болгоомжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн