Иран болон Оман улс дэлхийн эрчим хүчний тээврийн хамгийн чухал усан замын нэг болох Ормузын хоолойн ирээдүйн асуудлаар санал солилцож эхэлжээ. Гэсэн хэдий ч талуудын байр суурь зөрсөн хэвээр байна.
Оман улс Ормузын хоолойг хамтын бүс нутгийн механизмаар удирдаж, усан замыг ашиглаж буй хөлгүүдээс сайн дурын үндсэн дээр шимтгэл авах санал гаргасныг “Reuters” агентлаг мэдээлэв.
Энэхүү санал нь Малаккагийн хоолойн загварт тулгуурласан бөгөөд Индонез, Малайз, Сингапур улсуудын нэгэн адил навигаци, байгаль орчны хамгаалалт, эрэн хайх, аврах ажиллагааны зардлыг сайн дурын шимтгэлээр санхүүжүүлэх зорилготой. Ингэснээр Иран Ормузын хоолойг дангаараа хянахгүй байх боломж бүрдэх юм.
Харин Ираны гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади тус улсын төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Оманы санал Ираны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Иран өөрийн нутаг дэвсгэрийн усан дахь хөдөлгөөнийг бүрэн хариуцаж, Оманыг эсрэг чиглэлийн зөвхөн тодорхой хэсгийг удирдах хувилбар санал болгосон” гэж мэдэгдсэн байна. Мөн Иран АНУ-тай хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй ч Омантай шат дараатай яриа хэлэлцээ үргэлжилж байгааг онцолжээ.
“Al Jazeera” агентлагийн мэдээлснээр, талууд хөлөг онгоцны чиглэл, үйлчилгээний хураамж, зохицуулалтыг хэн тогтоох, усан замын мина цэвэрлэгээ зэрэг асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Иран тодорхой хэмжээнд уян хатан байр суурь илэрхийлж эхэлжээ.
Катар дахь “Georgetown University”-ийн профессор Пол Масгрейв Оманы санал нь Ормузын хоолойн тээврийг сэргээх эерэг алхам боловч Ираны хатуу байр суурьтай бүлгүүд дэмжих эсэх нь тодорхойгүй байгааг онцолсон байна. Тэрбээр Малаккагийн хоолойн сайн дурын шимтгэлийн тогтолцоо жилд ойролцоогоор 70 сая ам.долларын орлого бүрдүүлдэг бол Иран нэг хөлөг онгоцноос 1 сая ам.долларын үйлчилгээний хураамж авах санал дэвшүүлээд байгааг дурджээ.
Үүний зэрэгцээ Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн (GCC) гадаад хэргийн сайд нар Мягмар гаригт (2026.07.28) цахим уулзалт хийж, Ормузын хоолой дахь усан тээврийн аюулгүй байдал, чөлөөт навигацыг хангах асуудлыг хэлэлцсэн байна.
АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд бүс нутгийн зуучлагчдын шахалтын дараа Ираны эсрэг бараг хоёр долоо хоног үргэлжилсэн агаарын цохилтоо түр зогсоож, зургаадугаар сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг сэргээх дипломат ажиллагааг дэмжсэн юм. Хэрэв Иран, Оманы тохиролцоо хэрэгжвэл Ормузын хоолойгоор дамжих олон улсын тээвэр хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байна. АНУ-Израиль, Ираны мөргөлдөөн эхлэхээс өмнө дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн тавны нэг орчим нь тус хоолойгоор дамжин тээвэрлэгддэг байв.