ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын сарын 29 /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим Жэй Клейтоныг АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын албан тушаалд томилох шийдвэрийг мягмар гарагт баталжээ.
Клейтоныг уг албан тушаалд томилохыг сенатын гишүүдийн 51 нь дэмжиж, 47 нь эсэргүүцсэн санал өгчээ. Нэр дэвшигчийг батлахад 50-иас дээш хувийн санал шаардлагатай байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үнэт цаас, биржийн хороог (SEC) удирдаж байсан Ж.Клейтоныг Үндэсний тагнуулын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлснээ өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд мэдэгдсэн билээ. Үндэсний тагнуулын газрын дарга нь АНУ-ын тагнуулын бүх 18 байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг гол албан тушаалтан юм.
Ж.Клейтон өөрийг нь уг албан тушаалд томилох асуудлаар долоодугаар сарын 15-нд явуулсан Сенатын танхимын Тагнуулын асуудал эрхэлсэн тусгай хорооны сонсголын үеэр Иран, Хятад, ОХУ-ыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд гол аюул занал учруулж буй орнуудаар нэрлэжээ. Тэрбээр мөн Украинд тагнуулын мэдээлэл дамжуулах ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Украины мөргөлдөөнийг зохицуулж чадвал Орос, Америкийн харилцаа сэргэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах боломжтой гэж мэдэгджээ.
Долоодугаар сарын 21-нд Тагнуулын асуудал эрхэлсэн тусгай хороо Клейтоныг уг албан тушаалд томилохыг Конгрессын дээд танхимд зөвлөжээ. Долоодугаар сарын 28-нд болсон процедурын санал хураалтаар томилгоог эцэслэн баталсан байна.