Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сард болох байсан “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны улирлын Бахрейн, Саудын Арабын Гран-Приг цуцалсны дараа Бахрейны Гран-приг 10 дугаар сарын 2-4-нд Малайзад зохион байгуулахаар болжээ.
Уралдаан Малайзын “Сепанг” олон улсын зам дээр болох бөгөөд тус улсад 2017 оноос хойш “Формула-1”-ийн уралдааныг зохион байгуулаагүй юм.
“Формула-1”-ийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, “Сепанг” нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд сорилттой замуудын нэг бөгөөд үзүүштэй өрсөлдөөн, цаг агаарын нөхцөл нь хойшлуулсан Гран-приг зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж онцолжээ.
“Энэ бол манай хөгжөөн дэмжигчдийн хувьд гайхалтай мэдээ. Тэд “Формула-1”-ийн сонирхолтой, өрнүүн улирлыг үргэлжлүүлэн үзэхээс гадна, энэхүү спорт гайхамшигт Сепанг замд эргэн ирэхийг харна. Малайз бол гайхамшигтай сайхан улс бөгөөд Сепанг “Формула-1”-ийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг” хэмээн “Формула-1”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стефано Доменикали мэдэгдсэн байна.
Малайзад “Формула-1”-ийн Гран-при хамгийн сүүлд 2017 онд болж байсан бөгөөд үүнээс хойш “MotoGP” мотоциклийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гарааг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн Гран-при нь есдүгээр сарын 26-нд болох Азербайжаны Гран-при болон аравдугаар сарын 11-ний Сингапурын Гран-пригийн хооронд болно.
Нэг улс өөр улсын нэрээр “Формула-1”-ийн уралдаануудыг зохион байгуулж байсан тохиолдлууд байдаг. Тухайлбал, Германы Нюрбургрингт Люксембургийн Гран-при, Италийн Имола хотод Сан-Мариногийн Гран-при, Францад Швейцарын Гран-при болж байжээ.
Ойрх Дорнод дахь хурцадмал байдлын улмаас Бахрейн, Саудын Арабт дөрөвдүгээр сард явуулахаар товлоод байсан уралдаануудыг өнгөрсөн гуравдугаар сард цуцалсан юм.