МОСКВА, 2026 оны долоодугаар сарын 26 /RIA Novosti/. Хүнд жингийн боксын дэлхийн аварга асан Их Британийн боксчин Энтони Жошуа Албанийн боксчин Кристиан Пренгаг ялсныхаа дараа нутаг нэгт боксчин Тайсон Фьюриг тулаанд дууджээ.
Ням гарагт шилжих шөнө Саудын Арабын Жидда хотод болсон тулаанд Э.Жошуа К.Пренгаг хоёрдугаар үед техникийн хүнд цохилтоор ялсан байна. Энэ нь түүний хувьд 2025 оны сүүлчээр автомашины осолд орсны дараах анхны тулаан байлаа.
Жошуа, Фьюри нар хоорондоо тулалдахаар тохиролцсон тухай сэтгүүлч Майк Коппинжер өнгөрсөн дөрөвдүгээр сард X нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлж байв. Дэлхийн аварга асан хоёр боксчины тулааныг 2026 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
“Одоо Тайсон Фьюритэй дахин тулалдаж болох нь, тийм биз? Тэр танхимд байгаа юу? Бид хоёрын өрсөлдөөн нэг нь ширүүн, гал халуун тэмцэл, нөгөө нь хүндлэл гэсэн хоёр талтай. Түүний хүрсэн бүх амжилтыг би хүндэтгэдэг. Бид хоёрын тулааныг олон хүн маш удаан хүлээж байна. Энэ тулааныг зохион байгуулахын тулд бүхнийг хийж байгаа түүний баг болон промоуторуудад талархаж байна” гэж Э.Жошуа ялсныхаа дараа дэвжээн дээрээс мэдэгджээ.
Өдгөө 36 настай Жошуа энэ оны нэгдүгээр сард Нигерид автомашины осолд орсны дараа бэлтгэлдээ эргэн оржээ. Уг ослын улмаас хоёр хүн амиа алдсан байна. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 30 удаа ялж, дөрвөн удаа ялагдаж байсан бөгөөд IBF, WBA, WBO, IBO холбоодын дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан юм.
Харин WBA, WBO, IBF, IBO, WBC холбоодын дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан 37 настай Тайсон Фьюригийн хувьд 35 ялж, 2 ялагдаж, 1 удаа тэнцжээ.