ЖЕНЕВ, 2026 оны долоодугаар сарын 27 /ТАСС/. ОХУ-ын иргэн Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж тус холбооны хэвлэлийн алба мэдээллээ.
Мөн хэд хоногийн өмнө Аркадий Дворкович Самарканд хотноо 9 дүгээр сард болох тус байгууллагын тэргүүний сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Уг албан тушаалд Германы иргэн Вадим Розенштайн, Ян-Хенрик Бюттнер, Казахстаны иргэн Тимур Турлов нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. Харин энэ сарын 20-нд Илюмжинов хэлэхдээ, ФИДЕ-гийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Өдгөө 64 настай Илюмжинов 1995 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд уг албан тушаалыг хашсан 7 дахь хүн болсон юм. 2015 оны сүүлчээр Сирийн засгийн газар ба Төв банкны ашиг сонирхлын төлөө ажиллаж, материаллаг тусламж үзүүлсэн хэмээн АНУ-ын Сангийн яамнаас түүний нэрийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Үүнээс үүдэн Илюмжинов бүрэн эрхээ өөрийн орлогч болох Грекийн иргэн Георгиос Макропулост шилжүүлэн өгчээ. Америкийн хоригтой холбогдуулан Швейцарын UBS банк тус холбооны дансыг хаана гэдгээ мэдэгдэж байв.
2017 оны 4 дүгээр сард Илюмжинов бүрэн эрхээ сэргээнэ гэдгээ мэдэгдсэн боловч ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн ээлжит бус хурлын үеэр эл мэдэгдлээсээ буцжээ. Ингээд мөн оны 10 дугаар сард Макропулост ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлсэн ба 2018 оны 4 дүгээр сард болсон ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн зөвлөл Илюмжиновт хандан нэн даруй огцрохыг уриалсан байна.
Мөн оны 10 дугаар сард тус холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж, А.Дворкович ялжээ.