Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зусланд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр ажиллаж, амрагч хүүхдүүдтэй уулзан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хорт зуршил гэх мэт аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ярилцлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн 5 дугаар сард хүүхдийн төлөөх байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан ажлын хэсэн байгуулсан байна. Тус ажлын хэсэг үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 1300 гаруй хүүхэд энэхүү сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл авчээ. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй зусланд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ. Тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг зөрчил жил бүр нэмэгдэх хандлагатай байна. 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг бүртгэгджээ.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан аливаа гэмт хэрэг зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, цахим болон хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох ажлыг эхлүүлснээ онцлов. Цаашид ерөнхий боловсролын сургуулиудад энэ төрлийн мэдлэг мэдээлэл, эрх зүйн боловсролыг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Мөн сайд уулзалтын үеэр хүүхэд бүр бие биеэ хүндэтгэж, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрч, дээрэлхэлтийг харсан, мэдсэн тохиолдолд дуугүй өнгөрөх бус, зөв хүнд нь мэдээлж, найзаа хамгаалж сурах нь чухал гэдгийг хүүхдүүдэд уриаллаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах, томчууд болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцолсон юм.
