Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амийг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд 7 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэснийг ОБЕГ мэдээлэв.

Алба хаагчид дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 39 хүний амийг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 23 нь усны осол, 19 нь үер, 11 нь ус, шавар суусан, 22 нь бусад (газар хөдлөлт, салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн осол) ослын дуудлага эзэлж байна.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 13, обьектын гал түймэрт 2, зам тээврийн осолд 1, өндрөөс унах осолд 1, бусад ахуйн осолд 2 буюу нийт 19 хүн амь насаа алдсаны 3 нь хүүхэд байна.

Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 3 дүүрэг, 6 аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдлоор 13 хүн (том хүн 11, хүүхэд 2) амь насаа алдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон 3 иргэний эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн