Испани, Аргентины багууд 60 жилийн өмнө ДАШТ-д учраа таарч байжээ

МОСКВА, 2026 оны долоодугаар сарын 19 /TASS/. Дэлхийн аваргын цомын төлөө өнөө шөнө тоглох гэж буй Испани, Аргентины шигшээ багууд хоорондоо 14 удаа тоглосноос 13 нь нөхөрсөг тоглолт, ердөө ганцхан нь албан ёсны тоглолт байжээ.

Багууд тус бүр 6 удаа хожиж, хоёр удаа тэнцсэн бөгөөд оруулсан гоолын тоо ба хаалгандаа алдсан бөмбөгний тоогоор Испанийн баг 19:18 гэсэн харьцаагаар давамгайлж байна.

Хоёр багийн хооронд болсон албан ёсны цорын ганц тоглолт бол 1966 оны 7 дугаар сарын 13-нд Английн Бирмингем хотод болсон ДАШТ-ий хэсгийн шатны тоглолт юм. Уг тоглолт аргентинчууд 2:1 харьцаагаар хожсон бөгөөд Аргентины довтлогч Луис Артиме дубль хийсэн бол Испанийн хагас хамгаалагч Пирри хариу гоол оруулжээ.

Хоёр баг хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 27-нд Мадрид хотноо нөхөрсөг тоглолт хийхэд испаничууд 1:6 харьцаагаар илт давамгай хожсон байна. Испанийн шигшээгийн хагас хамгаалагч Иско хет-трик хийсэн бол хагас хамгаалагч Тьяго Алькантара, довтлогч Диего Коста, Яго Аспас нар тус бүр нэг гоол оруулжээ. Аргентины багийн цорын ганц гоолыг хамгаалагч Николас Отаменди хийсэн байна.

Испанийн шигшээ баг 2010 оны ДАШТ-д түрүүлж, Европын аваргаар 4 удаа /1964, 2008, 2012, 2024/, зуны Олимпын аваргаар 2 удаа /1992, 2024/ шалгарч, УЕФА-гийн Үндэстнүүдийн лигт 2023 онд түрүүлж байв. ФИФА-гаас 2026 оны 6 дугаар сард гаргасан чансаагаар тус баг хоёрдугаарт бичигдэж байна. Багийн ахлах дасгалжуулагчаар Луис де ла Фуэнте 2022 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байна.

Аргентины шигшээ баг ДАШТ-д 3 удаа /1978, 1986, 2022/ түрүүлж, Америкийн цомыг 16 удаа хүртэж, зуны Олимпын аваргаар 2 удаа /2004, 2008/ шалгарч байсан түүхтэй. ФИФА-гаас 2026 оны 6 дугаар сард гаргасан чансаагаар тус баг эхний байрт бичигдэж байна. Багийн ахлах дасгалжуулагчаар Лионел Скалони 2018 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн