Пелегийн өмсгөлийг 4 сая 880 мянган доллароор заржээ

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 16 /DW/. Хөл бөмбөгийн 1958 оны ДАШТ-ий финалын тоглолтод оролцохдоо 17 настай Пелегийн өмсөж байсан футболк өчигдөр Нью-Йоркт болсон Sotheby’s ордны дуудлага худалдааны явцад 4.3 сая еврогоор /4.88 сая доллар/ зарагджээ.

Уг тоглолтод Бразилын шигшээ баг Шведийг хожсоноор анх удаагаа дэлхийн аварга болсон юм. ДАШТ-ий дараа Пеле футболкоо багийн анд Дидад бэлэглэжээ. Тэмцээний үеэр тэд зочид буудлын нэг өрөөнд байрлаж байсан бөгөөд Дида (Эдвалдо Алвес де Санта Роза) эх орондоо ирснийхээ дараа футболкийг гэртээ хадгалж байгаад дараа нь төрөлх Масейо хотынхоо Спортын музейд шилжүүлэн өгчээ. 2004 онд тус музей уг футболкийг Christie’s ордонд үнэ хаялцуулан зарсан байна. Тэр үеэс хойш 10 гэсэн дугаартай Пелегийн хөх өнгийн футболк хувь хүний цуглуулгад байсаар иржээ.

Түүх сөхвөл, Шведэд 1958 онд болсон ДАШТ-ий үеэр зохион байгуулагч орны шигшээ багийн футболкны өнгөтэй бразилчуудын хувцасны өнгө ижил байсан тул Бразилын шигшээгийн футболкны өнгийг өөрчлөхийг шаардсан байна. Иймээс хөх өнгийн футболк өмсөн тоглохоор шийдсэн бөгөөд дугаарууд ба Бразилын хөл бөмбөгийн холбооны бэлгэдлийг хөлбөмбөгчид өөрсдөө футболкон дээрээ оёж тогтоожээ.

Шведтэй хийсэн финалын тоглолтын туршид Пеле 10 дугаартай футболкоо өмсөн тоглож, хоёр гоол оруулсан бөгөөд Бразилын баг 5:2 харьцаагаар Шведийг хожсон байна. Уг футболк жинхэнэ болохыг Дидагаас гадна Бразилын шигшээд тоглож байсан Нилтон Сантос, Орландо Пеканья, Марио Загалло нар баталжээ.

Сонирхуулахад, 2022 оны тавдугаар сард Лондонд болсон Sotheby’s  ордны дуудлага худалдаагаар 1986 оны ДАШТ-д оролцохдоо өмсөж байсан Диего Марадонагийн өмсөж байсан футболк хамгийн өндөр үнээр буюу 8,1 сая гаруй еврогоор зарагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн