Эртний Энэтхэгийн 84 шидтэн/их эрдэмтний нэг Дилав хутагтын монгол газарт хувилан төрсөн дүр Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Башлуугийн Жамсранжав (1884-1965) бол домог мэт амьдрал туулсан, амьдралынхаа төгсгөлд АНУ-д цагаачилж, “Амьд Будда” хэмээн хүндлэгдсээр 81 настайдаа насан эцэслэсэн эрхэм билээ.
Түүний гэрээсэлсэн ёсоор нас барсны нь дараа шарилын нэг хэсгийг амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөсөн АНУ-ын Нью-Жерси дэх Халимаг монголчуудын Раши Гэмпил Лин (Rashi Gempil Ling) буддын хийдэд, зарим хэсгийг төрсөн нутаг Завхан аймагт нь залсан түүхтэй.
Тэрээр идэр залуу наснаас 1920-иод оны дунд үе хүртэл Монголын шашин, төрийн удирдлагуудтай ойр байж, Монголын тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт зүтгэж, Халхын томоохон хийдүүдийн нэг байсан Нарбанчин хийдэд шашин номын үйл эрхлэхийн зэрэгцээ баруун хязгаар нутгийн алба ажлыг хариуцсан Улиастайн сайд хэмээх төрийн алба хашиж, 1920-иод оны дунд үеэс шашны зүтгэлтэн, хутагт хувилгаан, язгууртны хувьд “дарлагч, мөлжигч анги” хэмээгдэж сонгох, сонгогдох эрхээ хасуулж, хөрөнгөө хураалгаж, 1930 онд “Эрэгдэндагва нарын хэрэг” хэмээх хилс хэрэгт тэнсэн харгалзах ял хүлээж байв.
Монголын Үндэсний төв архив дахь Дилав хутагтын хөрөнгийг хураах дансанд тэмдэглэснээр 1929 онд түүний сууж асан Нарбанчин хийдээс 200.000 гаруй лан /1 лан нь 37 орчим граммтай тэнцэнэ/ мөнгөтэй тэнцэх хөрөнгө хураажээ. Энэ нь тухайн үеийн үнэлгээгээр 150.000-170.000 ам.доллар, өнөөгийн ханшаар бол 2.3-2.8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө хэмээн судлаачид тооцож байна.
Дилав хутагт Б.Жамсранжав 1931 онд Монгол Улсын хилээр итгэлт шавь нарын хамт тэмээн хөсөгтэйгээр нууцаар гарч, тухайн үеийн Өвөр Монголд, улмаар Бээжинд суурьшжээ. Монгол Улсын тагнуулын архиваас илэрсэн шинэ баримтаар бол Дилав хутагтад тухайн үеийн төр засгаас тусгай даалгавар өгч, хилээр саадгүй гаргаж, зориудаар дүрвэгч хэмээн зарлан Өвөр Монгол, Хятад улс дахь бодлого, үйл ажиллагааг тандах тагнуулчаар ажиллуулсан байна. Үүнийг тодруулах хүрээнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Түүхийн ухааны доктор Равдангийн Болд “Дилова Хутагт түүний “Их Тоглолт” номыг энэ жил хэвлүүлж, энэхүү номдоо Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үйл хэрэг, олон улсын тавцан дахь түүхэн нөхцөл байдал, тэр дотроо хутагтын 1931 оноос хойш гадаадад өнгөрөөсөн намтрын бүдэг хэсгүүдийг тодруулах оролдлого хийж, Монгол, Америк, Тайванийн архивын баримт мэдээллийг хуваалцжээ.
Эх орноосоо гарсан Дилав хутагт удалгүй Хятадын удирдагч байсан Чан Кайши-гийн дэргэд зөвлөхөөр ажиллаж, Хятадын Хууль тогтоох хорооны болон эрх баригч намын гишүүн болж, Япон улсад /1938 он/ айлчилж, 1940-өөд онд Төвөд, Хятад нутгаар бадарчилж, улмаар 1949 онд анд нөхөр, Америкийн нэрт монголч эрдэмтэн, дорно дахиныг судлаач Оуэн Латтиморын дэмжлэгээр АНУ-д дүрвэн гарчээ.
АНУ-д тэрээр Балтимор дахь Жонс Хопкинсын их сургуулийн монгол судлалын төсөлд зөвлөх, Нью-Жерси муж дахь Халимаг монголчуудын байгуулсан буддын шашны Раши Гэмпил Лин хийдэд хамба ламаар ажиллаж байсан юм.
Дилав хутагт Б.Жамсранжав нь 20 дугаар зууны эхэн үед Монгол нутагт өрнөсөн гол түүхэн үйл явдлууд буюу 1911 оны Богд хаант Монгол Улсыг байгуулж монголчууд язгуурын төр улсаа сэргээн тунхагласан үйл явдлын идэвхтэй оролцогч, гэрч төдийгүй 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт орчин үеийн түүхчдийн тодорхойлсноор Монгол Ардын Нам дахь “Ноёдын/Язгууртны бүлэг”-ийг төлөөлөн зүтгэж, Баруун хязгаарыг тохинуулах үүрэг хүлээж Улиастайн сайдын албыг хүртэл хашиж явсан.
Дилав хутагт Б.Жамсранжав “Ар Монголын улс төрийн дуртгал” нэрээр 1931 оныг хүртэлх амьдрал, үйл хэргийнхээ талаар бичиж үлдээсэн нь Монгол Улсын 20 дугаар зууны эхэн үеийн түүхэн үйл явдлуудад оролцсон, үйл явдал, өөрчлөлт шинэчлэлийг дэргэдээс нь харсан шашин, төрийн зүтгэлтний цорын ганц дурдатгал юм. Энэ агуулгаараа түүхийн үнэ цэнтэй баримтат өв болж үлджээ.
Дилав хутагт Б.Жамсранжаваас түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, хувцас, тамга, гарын тэмдэг, хөөрөг, шашны хэрэглэлүүд, судар, ном бүтээлүүд, захидал, баримт бичиг, өдрийн тэмдэглэл, амьдралынх нь ихэнх үеийг хамарсан гэрэл зургууд зэрэг олон өв үлдэж хоцорсон. Эдгээр өвийн ихэнх нь Монгол болон Америкийн архив, музей, номын сан, судалгааны төвүүд, хувь хүмүүст хадгалагддаг. Америкийн Монгол судлалын төв нь өвийг цуглуулж нэгтгэх, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлахад гол үүрэг гүйцэтгэж байна.
Эдгээр өвөөс хоёр хөрөг зураг, хоёр малгай, хоёр хөөрөгний товч түүхийг хүргэе.
Хөрөг зураг-1:

Дилав хутагт Б.Жамсранжавын 30 орчим настайдаа 1910-аад онд Нийслэл хүрээнд авахуулсан монгол язгууртны хувцастай энэхүү хөргийг хэн гэдэг гэрэл зурагчин авсан нь тодорхойгүй. Уг хөрөг зураг Монголын Үндэсний төв архив болон Их Британийн номын сангийн архивт хадгалагддаг.
Хөрөг зураг-2:

1930-аад онд Өвөр Монголд авахуулсан Дилав хутагтын морьтой, лам захтай монгол дээл, гоёлын малгайтай хөрөг зураг одоо Шведийн Уппсала их сургуулийн номын санд хадгалагдаж байна. Уг зургийг тухайн үед Монгол нутгаар Христийн шашны номлолоо түгээж “Хар лам” хэмээн алдаршсан Йоэль Эрикссон авчээ. Йоэль Эрикссон нь Дилав хутагтын Өвөр Монголд амьдарч асан үеийн олон зургийг авсан нь Уппсала их сургуульд хадгалагддаг юм.
Малгай-1:

Аливаа ёслолд өмсдөг байсан Дилав хутагтын хүндэтгэлийн малгай. Энэхүү малгай нь түүний төрсөн нутаг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна.
Доорх түүхэн гэрэл зурагт уг малгайгаа өмссөнөөр гарсан байгаа юм. Өөр нэгэн гэрэл зурагт ч хутагт бээр энэхүү малгайгаа өмнөө тавиад сууснаар гарсан байдаг билээ.

Малгай-2:

Дилав хутагт Б.Жамсранжавын Монгол болон Өвөр Монголд авахуулсан гэрэл зургууд дээр өмссөнөөр үлдсэн шовгор орой, сампин, залаа бүхий монгол /халх/ эрэгтэйн гоёлын малгай. Хутагтын эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсээс үлдсэн уг малгайг түүний шадар шавь Диваагийн Жамбалдорж лам хадгалж байгаад 1990 онд VI дүрийн Дилав хутагт Данзанламэдэд өвлүүлжээ.
Хөөрөг-1:

Зааны ясан хөөрөг. Завхан аймгийн музейд хадгалагдаж байгаа энэхүү зааны ясан хөөргийг Дилав хутагт тогтмол хэрэглэдэггүй, хааяа нэг хэрэглэдэг байжээ. Хөөрөг нь даалингийн хамт Завхан аймгийн музейд хадгалагдаж байна
Хөөрөг-2:

Шар манан хөөрөг. Дилав хутагтын өдөр тутамд хэрэглэж ирсэн, улмаар түүний найз Оуэн Латтиморын гэр бүлд үлдсэн байсан энэхүү хөөргийг Монголын Үндэсний музейд 2026 оны 5 дугаар сард дэлгэгдсэн “Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнгийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс эх оронд нь буцаан ирүүлж буйгаа мэдэгдэж, улмаар Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалуулахаар өгсөн юм. Дилав хутагт Б.Жамсранжав 1931 онд эх орноосоо гарахдаа авч явсан, түүний тогтмол хэрэглэдэг байсан хөөрөг ийнхүү 95 жилийн дараа төрж өссөн эх оронд нь бүр мөсөн буцаж ирэв.