DW/. Кубын цахилгаан дамжуулах сүлжээ даваа гарагт бүрэн зогссон тухай тус улсын Unión Eléctrica компани мэдээлсэн бол шугам сүлжээг сэргээн босгох ажил эхэлсэн тухай Кубын эрх баригчид мэдэгдсэн байна.
АНУ-ын зүгээс улс төр, эдийн засгийн дарамт шахалт нэмэгдсээр буй энэ үед цахилгаан дамжуулах сүлжээнд эвдрэл гарчээ. Куба улс түлш шатахууны хэрэгцээнийхээ 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг байна. 2026 оны нэгдүгээр сараас хойш Америкийн эрх баригчид зөвхөн Оросын нэг танкерыг Кубад нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд тухайн үед авчирсан 730 мянган баррель нефть 5 дугаар сард дуусчээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Кубад хэд хэдэн удаа цахилгааны хязгаарлалт хийсэн билээ. 3 дугаар сарын дундуур улс даяар хэдэн цагийн турш тог тасарсан бол 5 дугаар сард хойд мужуудад мөн ийм асуудал тулгарчээ. Цахилгаан эрчим хүчийг хэмнэх үүднээс засгийн газар 24 цаг хүртэлх хугацаагаар хязгаарлалт хийж байна.
Ужгирсаар буй хямралаас гарахын тулд Кубын эрх баригчид сүүлийн 65 жилийн хугацаан дахь хамгийн өргөн цар хүрээтэй хувьчлалыг явуулж байна. Зургаадугаар сард Вашингтоны эдийн засгийн хориг бүслэлтийг цуцлуулахын тулд зах зээлийн эдийн засагт шилжих 200 орчим шинэчлэлийн арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Гэвч Куба, АНУ-ын хооронд явагдаж байсан хэлэлцээ мухардалд орсон байна. Улс төр, эдийн засгийн шахалт үзүүлснээр Кубын одоогийн дэглэмийг АНУ-ыг талыг баримтлагч засгийн газраар солих боломжтой хэмээн Д.Трамп найдсаар байна гэж Блүүмбэрг агентлагийн мэдээнд дурджээ.