ШХАБ-ын хурлын үеэр хотоос гарч явахыг Бишкекийн оршин суугчдад уриалжээ

БИШКЕК, 2026 оны долоодугаар сарын 7 /Каzinform/. Киргиз улсын нийслэлд 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт, мөн Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадмын нээлтийн ёслол болно.

Үүнтэй холбогдуулан Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Аскат Алагозов нийслэл Бишкек хотын оршин суугчдад хандан дээрх өдрүүдэд Иссык-Кул болон бусад амралт сувиллын газруудад очиж амрахыг албан ёсоор уриаллаа.

Түүний ярьснаар, дээрх хоёр үйл явдалд оролцохоор 21 улсын төрийн тэргүүн нар Бишкект ирэх бөгөөд зарим улсын удирдагчид төрийн айлчлал хийх ажээ. Иймээс гурав хоногийн туршид байнга зам хаах тул бишкекчүүдийн ая тух алдагдаж магадгүй юм.

“Сурагч, оюутнуудын хичээл 9 дүгээр сарын 15-нд эхлэх учраас 9 дүгээр сарын 1 гэхэд Бишкект ирэхээр яарах шаардлагагүй, киргизчүүд амралтаа 9 дүгээр сарын 15 хүртэл урьдчилан төлөвлөх боломжтой” гэж А.Алагозов ярилаа.

Сануулан дурдахад, Киргиз улс ШХАБ-ыг даргалж байгаа тул тус байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Түүнээс гадна, 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Бишкекийн шинэ цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадмын нээлтийн ёслол болж, түүнд 90 улсын тамирчид оролцоно.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Бишкекийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирнэ.  

Түүнчлэн ШХАБ-ын орнуудын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 21 дүгээр хуралдаан, яамд, агентлагуудын 10 зөвлөгөөн болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн