Хятадын “Тяньвэнь-2” зонд шинжлэх ухааны судалгаагаа эхлүүлжээ

БЭЭЖИН, 2026 оны долоодугаар сарын 7 /Xinhua/. Хятадын гараг хоорондын “Тяньвэнь-2” автомат станц “2016HO3” солирт 20 км-ийн зайд амжилттай ойртсоноор 1 тэрбум орчим км замыг 400 орчим хоногт туулсны эцэст шинжлэх ухааны судалгаагаа эхлүүллээ гэж тус улсын Сансар судлалын үндэсний төв (CNSA) мэдэгджээ.

Солироос дээж цуглуулах Хятадын анхны хөтөлбөрийн хүрээнд гараг хоорондын уг автомат станцыг өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд хөөргөжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд дэлхийд ойр орших “2016HO3” солироос дээж цуглуулах, мөн Ангараг ба Бархасбадь гаргийн хооронд орших астероидын бүс дэх “311P” сүүлт одыг судлах ажээ.

Солир луу ойртох манёвр хийх үе шатанд уг зонд солирын зургийг авчээ. Түүнчлэн ойртох явцад цуглуулсан оптик навигацийн өгөгдлийг ашиглан судалгааны баг солирын байрлалыг нарийвчлан гаргасан байна. Ингэснээр өмнө нь зөвхөн дэлхийгээс хийсэн ажиглалтад тулгуурлан гаргадаг байсан байрлалын тооцооллын алдааг хэдэн зуун км-ээс хэдхэн километр болгон багасгасан гэж CNSA мэдээлсэн байна. 

Солир луу аялах замдаа “Тяньвэнь-2” сансар огторгуйн гүнд хэд хэдэн маневр хийж, нислэгийн чиглэлээ тохируулах ажиллагааг гүйцэтгэсэн байна. 2026 оны зургаадугаар сарын 6-нд солирыг анх илрүүлж, зургаадугаар сарын 7-нд 30 мянган км-ийн зайд солирыг чиглэсэн нислэгийн замд орсон бол зургаадугаар сарын 19-нд 2000 хүртэл км-ийн зайд ойртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн